Улаанбаатар сансрын бөмбөлөг хөөргөсөн хоёр дахь нийслэл болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Марса” Монголын сансар судлалын хөгжүүлэлтийн төвтэй хамтран, ерөнхий боловсролын сургуулийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлаж байна.
"Энэ уралдааны шилдэг бүтээлийг тусгай зориулалтын сансрын бөмбөлгөөр 38 мянган метрийн өндөрт хөөргөнө. Мөн бөмбөлөгт Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг болох Хангарди, гэнэтийн байдлаар сонгосон, нийслэлийн 380 иргэний нэр байх юм. Сансрын бөмбөлөг нийслэлийн агаарын чанарын талаарх мэдээллийг цуглуулах шинжлэх ухааны томоохон даалгавар биелүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хот төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь нийслэл болно. Сансрын бөмбөлгийг 2016 оноос хойш тасралтгүй амжилттай ажиллаж байгаа Монгол, Коосэн технологийн коллеж, Япон Улсын ЧИБА-гийн технологийн их сургуулийн хамтарсан баг хөөргөнө” гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх мэдээллээ.
Уралдааны бүтээлийг өнөөдрөөс 10 дугаар сарын 14 хүртэл хүлээн авах бөгөөд түрүүлбэл 3.000.000, хоёрдугаар байрт 2.000.000, гуравдугаар байрт 1.000.000 төгрөгийн мөнгөн шагнал гардуулах ажээ.