Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-27 15:34:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2019 оны эхний найман сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэргийн гаралт 4.6 дахин нэмэгджээ.

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд 4900 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, 2800 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэх судалгааны дүн байдаг. 

Харин Ховд аймгийн хэмжээнд 2018 онд 17 гэмт хэрэгт  22  хүүхэд  холбогдсон байна. Тэгвэл энэ оны эхний найман сарын байдлаар 37 гэмт хэрэгт  58 хүүхэд холбогдож Цагдаагийн байгууллагаас шалгажээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад насанд хүрээгүй хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэрэг 4.6  дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн насанд хүрээгүй хүүхэд сэжигтнээр татагдсан тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.3 хувиар өссөн дүнтэй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Хүүхдүүд ихэвчлэн зодолдох, танхайрах, хулгайлах зэрэг гэмт хэрэг үйлджээ. Гэмт хэрэгт холбогдсон эдгээр хүүхдийг насны ангиллаар авч үзвэл 14-15 насны 33, 16-17 насны 25 хүүхэд байна.

Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт сул, бусдын нөлөөнд автамтгай, амар хялбар аргаар мөнгөтэй болохыг санаархдаг, цахим тоглоом тоглох гэх мэт аж.

Цаашид энэ асуудалд эцэг эхийн оролцоо, хяналтыг сайжруулах, улмаар  хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан, эрсдэлийг бууруулахад үүрэг хүлээгчид хариуцлагатай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэж хууль хяналтын байгууллагын мэргэжилтнүүд хэллээ.

 

Холбоотой мэдээ