Ардчилсан намын гишүүд баяраа хуралдаж тэмдэглэлээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 13:59:28

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид нам үүсч байгуулагдсаны 26 жилийн ойн баяраа өнгөрсөн 7 хоногт тэмдэглэн өнгөрүүллээ. 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ардчилсан нам анхны хурлаа хийж байжээ.

Баярын өдрөө хуран цугласан гишүүд намынхаа түүхэн үйл явдлыг дурсаж, 2015 оны үйл ажлаа дүгнэж, 2016 оны улс төрийн сонгуульд ялалт байгуулахын төлөө өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Мөн энэ үеэр ардчилсан үйл хэрэгт үнэнчээр зүтгэсэн хүмүүсийг шагнан урамшуулж, шинээр элссэн гишүүдэд үнэмлэх гардууллаа. “Сонгуулийн тухай хууль нэгэнт хэрэгжээд эхэлсэн болохоор намын баяраа урлаг, спортгүйгээр, ууж идэх зүйлгүйгээр зөвхөн хурал маягаар тэмдэглэн өнгөрүүлж байна” хэмээн тус намынхан хэлж байсан юм.

Хуралд ҮЗХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын ажлын албаны дарга С.Дэмчиг, Ерөнхий сайдын зөвлөх Б.Даваацэрэн болон Өвөрхангай аймгийн Ардчилсан намын удирдлагууд, намын үүрийн идэвхтэн гишүүд оролцлоо.

2016 онд тус намаас сонгуулийн арга хэмжээнд бэлтгэж, сонгуулийн шат хороо бүрт ажиллах хүмүүсээ сургах үйл ажиллагааг явуулж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ