С.Чулуун: Сарьдагийн хийдийн олдвор шинэ судалгаа, эргэлтийг авчирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-27 20:55:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь анх удаа үзүүлж буй  “Сарьдагийн хийд” хэмээх үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 оны хооронд зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа явуулж олон сонин, содон, түүхэн цаг үеийг тодруулах, цаашид улам олон олдворыг нээх, судалгааны эргэлтэд оруулах бүтээлүүдийг энд дэлгэн тавьсан байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, олдворуудыг үзэж сонирхон, судалгааны багийнхныг улам эрчтэй, шинэ шинэ олдвороор түүхээ баяжуулахыг хүссэн юм.


Судалгааны ажлын ахлагч, Шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаас энэ үеэр хэд хэдэн зүйл тодрууллаа. 



-Сарьдгийн хийдийн олдворыг яг хаанаас олсон юм бэ. Нэлээд зэлүүд, уулын тагтад байх шиг байна? 

-Сарьдагийн хийд нь Бага Хэнтийн нуруунд оршдог. Уг нутаг нь одоо бол  дархан цаазтай, тусгай хамгаалалттай газар юм.

-Тиймээс олны хөлд талхлагдаж, янз бүрийн хүний гарт өртөөгүй болж таарах нь ээ?

-Үгүй бас тийм биш. Тухайн үеийн дотоодын зөрчлөөс болж баригдсанаасаа хоёр жилийн дараа сүйдсэн нь харамсалтай. Энэ уран бүтээлийн томоохон үйлдвэрлэл түшиц газрыг 1654-1686 онд 32 орчим жилийн турш барьж байгуулсан байна. Бидний 6 жил орчмын судалгаагаар, Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншгийн эд зүйл зэрэг олдворыг илрүүлсэн. Үлэмж том хэмжээтэй бурхан нь ойролцоогоор 7-8 метр өндөртэй байсан болов уу, түүний хөлийн улны хэсэг, гарын сарвууны хэсгүүд эвдэрч, гэмтсэн ч бид эвлүүлж байна.  Үүнээс үзэхээр том л бүтээл байсан болж таарч байгаа.



-Олдворын эргэн тойрноос та нар ганц шавар баримал бус гадаадын үнэтэй эд хэрэглэлүүд олсон юм шиг байна. Орос, Энэтхэгийн эд зүйлс ч байх шиг?

-Занабазарын үндсэн хийц бүтээл бүхий зүйлээс гадна гадны олон сонин олдворууд олсон. Орост 1636 онд үйлдвэрлэсэн буу хоёр, таван нүдэн хээтэй 13 дугаар зууны үеийн сумны зэв, Европт хэрэглэж байсан нарны цаг, Энэтхэгт оршиж байсан Моголын эзэнт улсын худалдааны зоос, балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэл, Юань улсын үеийн ваар сав зэрэг олдвор олдсон. Хамгийн сонирхолтой нь Монголд өөр археологийн дурсгалуудаас олдож байгаагүй зостой тэвш зэрэг эртний гэхээр барилгын материалууд нэлээд гарлаа. Монголчуудын  өөрсдийн хийж урласан хээ угалз, загвар хийц бүхий багана, тооно, хаалга, сүмийн гол нуруу, дээврийн тоосго, углуургууд,  хадаас гээд сонин юм энд их байгаа. Өөрсдийнх нь  хийсэн  хадаас л гэхэд 34, 35 төрөл байна. Энэ нь монголчууд өөрсдөө шавраа зуураад, хээ угалз бүхий барилгын хийц  үйлдвэрлэж байсныг харуулна.



-300 жилийн өмнө нарийн ур хийцтэй барилгын материал хийж байсныг та нарын олдвороос олж харлаа. Сэргээж байхад эдгээр бүтээл илүү сонирхол татсан биз?

- Тийм шүү.  Өндөр гэгээний уран бүтээлийн том цогц  ордон байснаас гадна  тухайн үеийн Монголын эдийн засаг, олон улсын харилцааны ч гол төвийн нэг байжээ гэдэг нь харагдсан. Бурханы гол бүтээлүүд, найман тахилыг керамик урлалаар гайхалтай урласан байсныг бид та нарт дэлгээд байна. Олдворуудыг бүгдийг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлсэн. Заримаас нь Үндэсний түүхийн музейд тавьж үзүүлж байна. Бид судалгаагаа цогцоор нь үзүүлэхийн тулд баримтат кино, зурагт тайлбартай судалгааны том ном ч хэвлүүлсэн байгаа. Цаашид хийх зүйл нэлээд бий. 



-Өндөр уулын тагт дээр барьсан Сарьдагийн хийдийн макетаас харахад их л том бүтээн байгуулалт байсан шиг байна?

-Зөвхөн туурийн хэсгийг сэргээхэд гурван том шаталсан суваргатай, хоёр том сүм байсан. Голын сүм бол бидний тооцоогоор гурван давхар байсан байх. Төвд хийцтэй, гэхдээ дотоод зохион байгуулалт бүтэц нь монгол хийцтэй. Судалгааны явцад тооно болон монгол хийц, хээ хуартай багана зэрэг эд өлгийн зүйлс гарсан. Монгол гэрийн судалгаа талаасаа нэлээд  эртний тооно байж магадгүй. Үүнээс өмнө иймэрхүү хийцтэй тооно олдсон тохиолдол байхгүй.

- Уулын өндөр газарт хүрч очихоос эхлээд бэрхшээл нэлээд байв уу?

- Монголын судалгааны баг анх удаа өөрийн хүч бололцоогоор, бие даан ажиллалаа. Хорьдугаар зууны туршид явагдсан археологийн судалгаа дотор хамгийн их саад бэрхшээлтэй хүнд ажил байлаа. Өндөрт байгаа туурин дээр очиход зөвхөн мориор эсвэл нисдэг тэргээр л  очихоос өөр аргагүй. Мөн Сарьдагийн хийд нь хамгийн их сүйдэж гэмтсэн газарт тооцогдоно. Бүхий л зүйлс нь гэмтсэн байсныг бид  сэргээн засварласан. Хийд  шатсан учраас маш их эвдэрч сүйдсэн. Гурван цагийн бурхны деталь тодорхой хэсгүүд харин олдсон. Тухайлахад, нэг метр 20 см урттай, маш тансаг хээ хуартай бурхны хөлийн ул гарсан. Ойролцоогоор 7 метр 40 см-ийн өндөртэй бурхан байсан  болов уу гэж тооцоолсон. Бөглүү тайгын дунд  монголчууд  урлагийн гайхамшгийг бүтээж байсан нь музейд тавигдсан бүтээлүүдээс төсөөлөгдөх байх.

-Олдворуудын насжилтыг яаж тогтоосон бэ?

-Нас тогтоох шинжилгээг бид Герман, Япон улсад хийсэн.

-Үзэсгэлэнгээс үзэхэд та нарын олдвороос гадна дагалдах түүхийн олон бүтээлүүдийн үнэ цэнэ нэмэгдэх байх гэж санагдлаа?

-Яг үнэн. Ганц шавар, модон, барилгын урлалууд бус гадаад улс, Орос, Энэтхэг, Төвөд, Европ зэргийн дорно дахины том гүрнүүд, Мин, Юань улсын ч үеийн эдлэлүүд гарч ирсэн нь олон улсын харилцааны болон өв соёлын түүхэн бүтээлтэй холбогдоно.


Тиймээс ч бид дэлхий дахинд шаардагдаж байгаа олон улсын үзэсгэлэнгийн стандартыг нэвтрүүлэхийг хичээсэн. Орчин үеийн технологийг ашиглан, гол цогчин дуганы макет хийж авчирсан. Гол цогчин дуганы бүтэц зохион байгуулалт ямар байсан гэдгийг эндээс харах боломжтой. Мөн хүүхэд залуучуудад зориулсан “Боловсролын хөтөлбөр” гаргасан. Ингэснээр Өндөр гэгээний язгуурын бурхдын хэвийг ашиглан баримлын шавар бусад зүйлсээр бурхны урлалыг хийж  болохоор. Тиймээс олон нийтэд сонирхолтой болгох үүднээс Сарьдагийн хийдийн гол сүмийн тухайн цаг үеийн байдлыг багасган шинэ цагийнханд XVII зууны монгол сүм хийдийн байдлыг үзүүлж байна. Гурван цагийн бурхан, Бурхан багшийн хоёр шавь Шаарийбуу, Монголжийбуу болон Бодьсадва нар, тахилын ширээ, багана зэргийг анх  байсан хэв маягаар нь зохиомжилсон. Богдын музейд хадгалагдсан Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт Ногоон Дара эхийг байрлуулсан. Гадаадын сонин эд зүйлсийг ч энд дагалдуулан гаргасан байгаа. 



Ийнхүү энэ сонирхолтой үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд есдүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 20 хүртэл үнэ төлбөргүйгээр олон нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ.  Илүү ихийг сонирхож мэдэхийг хүсвэл 150,000 төгрөгийн үнэ бүхий номыг ч худалдан авч болно. Баримтат киног үзэх боломжтой. 









Холбоотой мэдээ