СӨХ шинэлэг хэлбэрээр идэвхтэй ажиллана

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-09-30 12:23:52

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр тус суманд үйл ажиллагаа явуулж буй 14 сумын СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал нарыг есдүгээр сарын 13-нд хүлээн авч уулзлаа.

Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-д өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдаж аймгийн Салбар зөвлөлийг байгуулсан юм.

Уулзалтын үеэр иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, Сайншанд сумаас зохион байгуулж байгаа тохижилт үйлчилгээний ажлыг дэмжиж ажиллах, оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, идэвхтэй ажиллах талаар ярилцсан байна.

Энэ үеэр Монголын Сууц өмчлөгдийн холбооны дээд зөвлөлийн салбар зөвлөлийн даргаар “Далай шанд” СӨХ-ны захирал С.Одвал сонгогдов.

Сайншанд хотын хэмжээнд 71 орон сууцны 3269 өрхийг хамарсан 13 СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 2019 онд “Нарлаг шанд”, “Өргөө” “Найрсаг хөршүүд”, “Саруул хотхон”, “Дөрвөн бэрх” зэрэг таван СӨХ байгуулсан юм.

Тиймээс шинээр байгуулсан салбар зөвлөл сууц өмчлөгчдийн эрх ашгийг хангаж, тохижилт үйлчилгээг жигдрүүлж идэвхтэй ажиллахаар болов.

Холбоотой мэдээ