Малчид хөрш улсаас туршлага судлав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-09-30 17:41:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-29-ний өдрүүдэд 4 сумын малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан 50 залуу малчин Буриад Улсын Улаан-Үд хотын эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг фермерүүдийн үйл ажиллагаатай танилцаж тухайн хотын мал маллах аргаас туршлага судалсан байна. 
Залуу малчид Ула
ан-Үд хотын ойролцоох эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг фермерүүдийн үйл ажиллагаатай 3 хоног танилцаж туршлага судалснаар шинэ технологи, инновацыг нутагшуулах, эх орондоо хэрхэн фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд тус тусын мэдлэгээ нэмэгдүүлэх юм.

Мөн сурч мэдсэн зүйлсээ ирэх 11 дүгээр сард Шарын гол суманд болох малчдын уулзалт, зөвлөгөөний үеэр бусад малчиддаа заан хамтдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг нээх ажээ.
Анх удаа малчдыг хамруулан хөрш зэргэлдээ улсын эрчимжсэн мал аж ахуйн фермерүүдээс туршлага судлуулж байгаа нь малчдын мал маллах арга ажиллагааны чадварт эерэгээр нөлөөлж мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг өндөр ашиг шимтэйгээр боловсруулан төдий хэмжээгээр өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно.

Уламжлалт мал аж ахуйгаас эрчимжсэн мал ахуй руу шилжиж тоонд бус чанарт анхаарч байгаа энэ цаг үед зөв үйл ажиллагаа зохион байгууллаа гэж малчид үзэж байна. Нөгөөтэйгүүр бэлчээрийн даац хэтрэх, тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхэлдэг хүмүүст зөрчилдөөн их үүсдэг тул эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх малчин бүр фермер болж малын ашиг шимийг бодитоор хүртэх боломж бий гэдгийг харуулсан туршлага солилцох үйл ажиллагаанаас гарах үр дүнг ирэх жилүүдээс бие даах болон хамтын нөхөрлөлийн үйл ажиллагаагаар харуулах ажээ.
Цаашид тус ажлыг жил бүр явуулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг Дарханчууд өмнөө тавьсан байна.

Тус ажлыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран явуулжээ. 

Холбоотой мэдээ