ДАШТ-ий 5000 метрийн гүйлтэд Этиопын тамирчин алтан медаль хүртэв

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-01 09:35:43

ДОХА. /TASS/. Катарын Доха хотноо болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5000 метрийн гүйлтэд Этиопын тамирчин Муктар Эдрис ялалт байгуулжээ.


Өдгөө 25 настай тамирчин 12 минут 58.85 секундын хугацаанд зайг туулжээ. Энэ төрөлд түүний нутаг нэгт тамирчин Селемон Барега 12 минут 59.70 секундын хугацаатайгаар хоёрдугаар байрыг эзэлсэн бол Канадын тамирчин Мохаммед Ахмед 13 минут 01.11 секундын хугацаагаар гуравдугаар байрт орсон байна. Этиопын тамирчин Муктар Эдис энэ тэмцээнд түрүүлснээр хоёр дахь удаагийн дэлхийн аварга болж байна.


Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын баг тамирчид медалийн тоогоор тэргүүлсэн хэвээр байна. Хятадын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтайгаар жагсаалтын хоёрдугаарт бичигдэх болсон байна. Харин Ямайкийн баг нэг байраар доошилж медалийн тоогоор одоогоор жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. 

Холбоотой мэдээ