Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу оны шилдэг бүтээлийг тодруулах, энэ оны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах бүтээлийг шалгаруулж эхэлжээ.
Нэр дэвшсэн шилдэг бүтээлүүдээр энэ сарын 7-31-ний өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейд “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2019” үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд сурталчилна. Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн бүтээлийг есдүгээр сарын 19-нөөс авч эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл мөн хүлээн авах юм байна. Бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын тушаалаар баталсан “Мэргэжлийн зөвлөл” шалгаруулна. Шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулах ёслолыг 10 дугаар сарын 18-ны 17:00 цагт Уран зургийн галерейд зохион байгуулах аж.
Дүрслэх урлагийн бүтээл нь уран бүтээлчийн сүүлийн 3 жилд туурвисан /олон улсын үзэсгэлэнд шилэгдэн оролцсон болон шагнал хүртсэн бол гэрчлэх бичиг баримтыг хавсаргасан байна/, өмнө нь хуулбарлагдаагүй эх бүтээл байх шаардлагатай. Нэг уран бүтээлч хоёр бүтээлээр оролцож болно. 2019 онд МУЭ-ийн арт галерей болон хувийн хэвшлийн галерейнуудад толилуулсан шилдэг бүтээлүүдийг бол “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ 2019”-д урилгаар оролцуулна.
Шилдэг бүтээлийг шалгаруулах, сурталчлах, үзэсгэлэн гаргах, олон нийтэд хүргэх ажлыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын уран зургийн галерей хамтран хэрэгжүүлж байна.