Газар, хүн хоёрын түүхийг бүтээж чадсан аварга, баатруудын дурсамж уулзалт боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-01 21:13:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/"Газар тариалангийн салбарт нэгэн насны хөдөлмөр бүтээлээ зориулж, газар, хүн хоёрын түүхийг бүтээж чадсан аварга, баатруудаараа Сэлэнгэ түмэн бахархаж байна. Энэ ч утгаараа “Улсын аваргуудаараа бахархацгаая" хүндэтгэлийн дурсамж, уулзалтыг 9 сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд болж буй эл үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгаас төрсөн улсын аварга тариаланч, ногоочин, хадланч, улсын уран хагалгааны аваргууд, хөдөлмөрийн баатар, гавъяат механикжуулагч, гавъяат тариаланчид зэрэг 140 орчим ахмад хүрэлцэн ирж оролцлоо.

Сэлэнгэ нутагт атрын анхдугаар аян үүссэн тэр цагаас хойших 60 жилийн хугацаанд нийт 690 гаруй аварга тариаланчид төрөн гарчээ. Энэ удаагийн үйл ажиллагаанд хамгийн өндөр настай нь 1946 оны тракторчин, улсын 3 удаагийн аварга, Баруунбүрэн сумын 94 настай Ж.Адьяасүрэн гуай байв. Мөн БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Г.Дампил, Ц.Сүрэн, Б.Батаа, Б.Туяа болон БНМАУ, Монгол Улсын Гавьяат механикжуулагч Д.Болд, Г.Товуудорж, С.Ганболд, н.Тогоодой, гавьяат агрономч С.Хундмаа, Н.Шархүү тэргүүтэй аваргууд иржээ. Сэлэнгэ аймгаас төрсөн хөдөлмөрийн баатар н.Алтангэрэл, н.Цайван нар, БНМАУ-ын аварга хэмээх эрхэм цолыг 10 удаа хүртэж байсан түүхэн дурсамж энэхүү уулзалтын бахархал байв.

Атрын 60 жилийн түүхэнд хамгийн олон 70 гаруй аварга төрүүлсэн одоогийн Шаамар сум, хуучнаар Шаамарын ТАА-гаас 30 аварга ирсэн нь хамгийн олон зочин байлаа. Цэл залуу насныхаа од хийморь, эрч хүчээ газар шороондоо шингээн хөдөлмөрлөж, энгэртээ одон медалиа гялалзуулсан буянтай буурлуудаараа бахархах энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХААГ, аймгийн МАХН-ын хороо хамтран зохион байгууллаа.

 

Холбоотой мэдээ