Хэнтий аймагт сүрьеэгийн өвчлөл өндөр байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-03 13:08:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт сүүлийн дөрвөн жилд сүрьеэгийн өвчлөл, тархалт дунджаар 122 буюу 10.000 хүн амд 15,05 тохиолдол байгаа нь эрүүл мэндийн салбарынхны анхаарах асуудлын нэг болж байна.


Монгол Улс сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг эхлүүлээд нэлээд хугацаа өнгөрч байгаа ч нийт халдварт өвчний дотор гуравдугаарт орж, нас баралтаар тэргүүлсээр байна. Нийт хүн амын 16-44 насныхан илүү өвчилж байгаа төдийгүй сүрьеэгээр өвдсөн өвчтөнүүдийн 60 орчин хувь нь ажилгүй, нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах хөдөлмөрийн насны хүмүүс байдаг аж.


Үүнтэй холбогдуулан өнөөдөр Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд Чингис хотноо сургалтад хамрагдаж эхэллээ. Тэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өнөөгийн байдал, сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэх оношлох, сүрьеэтэй өвчтөний эмчилгээ, сүреэгийн тайлан гаргах, хяналт, шинжилгээ, үнэлгээ, ЭТС-ийн мэдлэг олгох зэрэг 10 гаруй цагийн багц сургалт мэдээлэл сонсох аж.

Сургалтыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч П.Янжиндулам, ХӨСҮТ-ийн СЛЛ/Сүрьеэгийн үндэсний лавлагаа лаборатори/-ийн эмч Э.Баасансүрэн, ХӨСҮТ-ийн СТСА-ны тасгийн эрхлэгч П.Насанжаргал нар удирдан явуулж байна. 

Тус сургалтын нээлтэд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба оролцож, төр засгийн бодлогоор сүрьеэтэй тэмцэх чиглэлээр авч буй арга хэмжээг танилцууллаа. Тэрбээр ярихдаа “Анх ажил авахад сүрьеэгийн өвчлөл хамгийн өндөр гурван аймгийн нэгт Хэнтий аймаг багтаж байсныг сонордуулж, Глобал сангийн дэмжлэгтэйгээр өрх, сумдын Эрүүл мэндийн төвүүд сорьц тээвэрлэж байгаа нь эмчилгээний үр дүн нэмэгдэж тархалтыг бууруулах ажилд ихээхэн нэмэр болж байгааг дуулгалаа. Мөн Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уг асуудлыг анхааран авч үзэж “Сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, эмчлэх, хянах, олон эмэнд тэсвэртэй сүрьеэг тандах ажлыг эрчимжүүлж, Бор-Өндөр сумын Хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн лабораторийн чадавхийг бэхжүүлэх” асуудлыг онцгойлон тусгаад байна гэв.

2018 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зөөврийн рентгенээр хангаснаар энэ онд сумдын хүн амд сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулсан. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардал, Глобал сангийн санхүүжилтээр 18 сум, тосгонд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж 2700 гаруй иргэнийг хамруулан, 28 шинэ өвчлөлийг оношилж, эмчилсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд тус аймагт хавар айлчлах үеэр Сүрьеэгийн шинэ эмнэлэг барих асуудал дэвшүүлж, 2020 оны улсын төсөвт суулгахаар хэлэлцүүлж байгаа” талаар ярилаа.

Сүрьеэ өвчинтэй тэмцэх нь дан ганц хувь хүний асуудал биш аймаг, орон нутгийн түвшинд сум багийн Засаг дарга нар болон бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагын дарга эрхлэгч нар хүн амын дунд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага дадлыг хэвшүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Холбоотой мэдээ