Дэлхийн эмэгтэй боксчдын тулаан Улаан-Үд хотноо эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-03 11:23:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Улаан-Үд хотноо өнөөдөр сонирхогчдын эмэгтэй боксын насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна.


Тус тэмцээн 10 дугаар сарын 3-13-нд болох бөгөөд манай улсаас Үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал, Л.Энхбаяр, багийн эмч Э.Энхбаяр нараар ахлуулсан 7 тамирчин оролцохоор Буриад улсыг зорьсон юм.


Багийн тамирчдаа танилцуулбал, 48 кг-д 2019 оны ААШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнсаран, 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-д ОУХМ Э.Мичидмаа, 57 кг-д Ази тивийн аварга Т.Болортуул, 60 кг-д Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Н.Намуун, 69 кг-д ОУХМ Э.Эрдэнэтуяа, 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал нарын боксчид дэлхийн ринг дээр хүч, ур чадвараа сорих юм. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас AIBA-гийн гурван одтой шүүгч Г.Бадрах оролцож байна.


Манай тамирчдаас 48 кг-д Б.Мөнгөнсаран эхний тойрогт хийлсэн байна.  Энэ жинд 20 тамирчин тулалдахаар иржээ. Харин 54 кг-д 22 тамирчин өрсөлдөхөөс Э.Мичидмаагийн эхний учраа Энэтхэгийн тамирчин байна. 57 кг-д 36 тамирчин өрсөлдөх бөгөөд манай тамирчин Т.Болортуулын эхний өрсөлдөгч нь Австрийн тамирчин байгаа аж. Харин Э.Эрдэнэтуяа ОХУ-ын тамирчин С.Далгатоватай учраа таарсан бөгөөд 69 кг-д 26 тамирчин хүчээ сорих юм байна.



Ташрамд сонирхуулахад, Монголын эмэгтэй боксын ДАШТ-ий анхны медалийг ОУХМ М.Нандинцэцэг эх орондоо авчирсан юм. Тэрбээр 2018 онд Энэтхэг улсад болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-ий 54 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болж Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулсан билээ. 

Холбоотой мэдээ