Ц.Оюунсуртал: Аав минь 16 түлхүүртэй цоож хийсэн дархан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-04 10:05:15

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Сэлэнгэ сумын өндөр настан Ц.Оюунсурталтай уулзаж ярилцлаа. Тэрээр удам залгасан дархан, улсын шилдэг зохион бүтээгч нэгэн юм. Ингэттолгойн сангийн аж ахуйн хаврын тариалалт, намрын ургац хураалтын техник засварын ажил, хөдөлмөр хөнгөвчилсөн санаачилга түүний сэтгэлгээ, уран гараар бүтэж байжээ.


- Таныг дархан хүний хүү гэж сонслоо. Аавынхаа тухай дурсана уу?

- Миний аав Монгол Улсад нэлээд цуутай дархан хүн байлаа. Дархан хүний ухаанаар 16 өргөстэй, 16 түлхүүртэй цоож хийж улсын музейд өгсөн. Миний хувьд тэр багцааны бүтээл байхгүй.

- Та Итгэттолгойн сангийн аж ахуйн сайн гагнуурчин байсан шүү дээ.

- Би 16 настайдаа буюу 1964 онд Шаамарын трактор комбайны курст яваад жилийн дараа төгссөн. Төгсч ирээд трактор комбайны жолоочоор 4 жил ажиллаад цэрэгт мордсон. Цэргийн алба хааж ирээд сангийн аж ахуйдаа ажилласан.

Тэр үед аав засварын газрын дархан байсан. Аав тэтгэвэрт гараад, би ажлыг нь өвлөж авсан юм. Засварын газрын бүхий л ажлыг аав хийдэг байлаа. Намайг ажилд оронгуут Төв аймгийн Баянчандмань сум руу төмрийн дархан гагнуурчин, токарьчны курст мэргэжил дээшлүүлэхээр явуулсан. Төгсөж ирээд 1971 оноос 1994 он хүртэл энэ ажил мэргэжлээрээ ажилласан.

- Хөдөө аж ахуйн машины засварын газар гэдэг сумандаа үйлдвэр шиг газар байсан санагддаг.

- Сангийн аж ахуйн хувьд том үйлдвэр нь засварын газар байлаа. Засварын газар гэж тухайн үедээ том барилгыг хуучнаар ЗХУ-ын тусламжаар оросууд барьсан гэсэн. Бүрэн тоног төхөөрөмжтэй маш сайхан газар. Хийе гэсэн сэтгэл байвал юу ч хийх боломжтой сайхан газар, сайхан ч хамт олонтой байсан. Монгол Улсын гавьяат механикжуулагч Б.Ноосонхөх гэж ОХУ-д сургууль төгссөн инженер хүн засварын газрыг ахалж байлаа. Засварын инженер нь гавьяат механикжуулагч Д.Тунсаг байсан. Гагнуурчин, токарьчин Бадгаа гээд ухаалаг хүн ажиллаж байв. Тухайн үед ажил хөдөлмөрийн өрсөлдөөн ихтэй сайхан байжээ. Бадгаа бид хоёр их өрсөлдөнө. Ер нь бүгд л өөр хоорондоо уралддаг байсан. Бадгаа миний гагнуурын болон токарийн багш л даа. Орон нутагт шаардлагатай бүхий л юмыг хийнэ.

- Сэлэнгэ мөрөн дээр гатлага онгоц хийсэн гэдэг. Дархан хүн төмрөөр хийх санаа гаргасан болов уу?

- Сэлэнгэ мөрнийг гатлах гатлага онгоц буюу бирваазыг би гурван удаа хийсэн. Үер болохоор усанд алдчихна, тэгээд дахиад хийнэ. Модоор хийсэн сайн бирваазыг намайг цэрэгт байхад С.Лхагва-Очир гуай хийсэн юм байна лээ. Сүүлдээ хуучирч муудсан л даа.

Гатлага онгоцоо шинэчлэх шаардлага гарахад нь “төмрөөр хийе” гэсэн санал гаргасан юм. Тухайн үед тээвэрлэгч гатлагч онгоцны чиргүүл гэж байсан. Тэр онгоцоор хийсэн.

Сэлэнгэ аймгаас хуучин онгоц авчраад бирвааз хийж байлаа. Сэлэнгэ мөрөн дээгүүр бетонон гүүр бариад бирвааз маань халагдлаа даа.

Одоо Сэлэнгэ гатлах гэж санаа зовохгүй сайхан болсон. Манай сумын Засаг дарга Ш.Насандулам сайн ажиллаж байгаа. Их дайчин хүн. Энэ хүний хөөцөлдлөгөөгөөр шинэ гүүртэй болсон юм шүү дээ.

- Тэр үед бүтээлүүдээ баталгаажуулдаг байсан уу?

- Би ямар нэг юм хийх гэж их оролдоно. Оролдсон юм болгон л шинэ зүйл болдог байлаа. Нэг өдөр манай Ноосонхөх инженер ирээд “Чиний хийсэн бүтээлүүдийн эрхийг хамгаалуулах шаардлагатай болчихлоо” гэлээ. Би ямар учиртай ажил байдгийг мэдэхгүй. Хөрс сийрүүлэгч, гинж, матагч, үр тарианы үрлэгчний тоног гээд их хэмжээгээр үйлдвэрлэдэг зүйл хийсэн байсан. Тэрийг авч яваад патентийг нь авчирч өгсөн. Ингээд шинэ бүтээл, оновчтой санал гэж ийм зүйл байдаг юм байна гэж мэдсэн.

Би бас нүүдлийн халуун ус гэж хийсэн. Арвайн гурил тээрэмдэгч хийлээ. Дараа нь хар будаа, бог будааны төхөөрөмж хийсэн. Оролдоод байхаар янз бүрийн санаа гарч ирдэг. Тэд бүгд шинэ бүтээл болсон.

- Газар тариалан эрхэлж байсан уу?

- 1988 онд газар тариалангийн салбар түрээсийн гэрээгээр ажиллах болсон. Ах болон найзуудтайгаа нийлэн Баянголын 1000 гаруй га газар түрээсэлж аваад хоёр жил ажилласан. Ургац сайн авсан.

Тэр үед хүн бүр 40,0 гаруй мянган төгрөг авсан. Яахаараа нэг хүн ийм их мөнгө авдаг юм гэж гайхаад, яаж үрэхээ мэдэхгүй тийм л үе байлаа.

- Зохион бүтээгчийн хувьд авсан шагнал урамшуулал байдаг уу?

- 1989 онд БНМАУ-ын шилдэг зохион бүтээгч болсон. Өмнө нь 3 хүн шилдэг зохион бүтээгч болсон юм билээ. Одоо бол 100 гаруй хүн байдаг юм. Хоёр жилд нэг удаа цуглаж уулзан ажил төрлөө ярьдаг.

Атар газар эзэмшсэний 40 жилийн ойгоор “Алтангадас” одон, 50 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор шагнуулж байлаа.

- Ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ