Бүргэдчдийн баярыг 23 орны хоёр мянга орчим жуулчин сонирхож байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-05 22:34:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчдийн холбоо зэрэг байгууллага хамтран уламжлалт "Бүргэдчдийн баяр"-ыг тус аймгийн Бугат сумын нутаг "Саят толгой" хэмээх газарт өнөөдөр зохион байгуулж байна.

Баярт тус аймгийн 13 сумаас 141 бүргэдчин оролцож, бүргэдээ биедээ даасан байдал, ан агнахад сургасан байдлаа харуулан өрсөлдөж байна.

"Бүргэдчдийн баярын 20 жилийн ой энэ жил тохиож байна. Баярын үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа. Энэ жилийн баярт оролцохоор дэлхийн 23 орноос хоёр мянга орчим гадаадын жуулчин зорин иржээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас ч өндөр ач холбогдол өгч, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, сайдын зөвлөх П.Ганболд болон баруун таван аймгийн төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсыг дэлхийд алдаршуулж буй Бүргэдчдийн баярыг угтан өнгөрсөн өдрүүдэд уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл ажилагаа болж байна" гэдгийг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээлтийн үеэр онцоллоо.

Бүргэдчдийн баяр энэ сарын зургааны өдөр өндөрлөнө. 

Холбоотой мэдээ