Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэг шинэ байртай болов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-08 10:00:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 33 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай 272 хүүхэдтэй шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа.


Нийт 8 бүлгийн 34 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Ус орчин” ХХК барьж гүйцэтгэжээ.

Хуучин барилга 150 хүүхдийн хүчин чадалтай 1963 онд баригдаж, Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсны дагуу буулгаж шинээр барьсан юм. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд сургуулийн өмнөх насны 412 хүүхэд байна.

Нээлтэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Нийслэлийн Боловсролын газрын Санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, ЧД-ийн Засаг даргын орлогч Г.Лхагвасүрэн, Т.Чимэдцогзол, ЧД-ийн ИТХ-ын ажлын албаны дарга Д.Алтаншагай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ж.Байгаль болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийнхан оролцов.

 

Холбоотой мэдээ