Эрдэм шинжилгээний ажилтан тэтгэвэрт гарахад тэтгэмж олгоно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-09 18:03:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 1998 онд, тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 онд батлан уг салбарын үйл ажиллагааны эрхзүйн харилцааг зохицуулж ирсэн байна. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн гэдгийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Хуулийг баталснаар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэх, төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.


Хуулийн төсөлд тус салбарын бодлого, удирдлагыг боловсронгуй болгох нэмэлт, өөрчлөлтийг тусган, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн эрхлэх асуудал, бүрэн эрхийн хүрээг өөрчилжээ. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэх, төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусгах, олсон орлогыг арилжааны банкны дансанд байршуулах, захиран зарцуулах зохицуулалтыг мөн тусгажээ. Түүнчлэн эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг тогтоох зорилгоор магадлан итгэмжлэл явуулж байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар ээлжит магадлан итгэмжлэлд хугацаандаа хамрагдаж чадаагүй эрдэм шинжилгээний ажилтныг нөхөн хамруулах зохицуулалтыг тусгасан байна. Мөн оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, эрдэм шинжилгээний болон инженер-техникийн ажилтан, лаборант өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажилласан хугацааг харгалзан 12 сарын үндсэн цалинтай  тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж  олгох талаар төсөлд тусгажээ. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг өнгөрсөн сард зохион байгуулсан. Энэ хурал улс орны хөгжлийн тулгуур нь шинжлэх ухаан, технологи, инновац гэдгийг баталсан том үйл явдал болсон. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал эхэлж, хиймэл оюун ухаан хөгжиж буй өнөө үед шинжлэх ухааныг дээд боловсролтой уялдуулсан шинэ хууль эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлын үеэр эрдэмтдийн хэлж байсан саналууд, шинжлэх ухааны “Цөм” хөтөлбөр, шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалттай холбоотой гомдол саналыг хэлэлцэх ёстой" хэмээсэн юм.


Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ