Гар угаах дэлхийн өдрийг “Эрүүл гар-Эрүүл хүнс” уриан дор тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-10 10:01:44

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн газар санаачлан “Гарын ариун цэвэр”-ийн талаарх сургалт, мэдээллийг хүүхэд багачууд, иргэдэд үе шаттай хүргэж эхэллээ.  

Жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Гар угаах дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Гараа савандаж угааснаар арьсны үрэвсэл, нүдний зарим халдвар дамжихаас урьдчилан сэргийлнэ. Цаашлаад бага насны хүүхдийн дунд зонхилон тохиолдох суулгалт, амьсгалын замын халдварт өвчний эрсдэл  25-50 хувь буурна гэж мэргэжлийн байгууллагууд үздэг.

Энэ жил “Гар угаах дэлхийн өдөр”-ийг нийтийн эрүүл мэндийн төлөө “Эрүүл гар-Эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, БНСУ-ын Койка олон улсын байгууллагын Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Гихи нартай хамтран “Гарын ариун цэвэр” сэдэвт сургалтыг тусгай төлөвлөгөөний дагуу хүргэж байна.

Энэ хүрээнд VI дугаар цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд болон багш, ажилтнуудын гарын ариун цэврийг үзэж, гараа зөв угаах талаар мэдээлэл хийлээ. Мөн хүүхдүүдэд бохир болон цэвэр гарын ялгаа, гарт хуримтлагдсан нян бактерийг тусгай бодис, төхөөрөмжийн тусламжтайгаар харуулж өглөө, өдөр, орой бүр гараа тогтмол угааж байхыг зөвлөв.

Цаашид I, II, VIII, IX, X, XIII, XV дугаар цэцэрлэг болон Хан–Орд худалдааны төвийн хүнсний тасагт худалдаа эрхлэгч иргэдэд бохир гараар дамжих  халдварын  талаар сургалт  хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус сургалтын үр дүнд хүүхэд багачууд болон иргэдэд гар угаах зөв дарааллыг хэвшүүлэх, улмаар бохир гараар дамжих өвчлөлөөс сэргийлэх боломж бүрдэх чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцоллоо.

Холбоотой мэдээ