Эрдоган: Турк Сирид ажиллагаа явуулах эрхтэй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-10-10 11:46:17

АНКАРА. /TASS/. 1998 онд Адан хотод хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний хүрээнд Анкара хөрш Сири улсад “Энх тайвны эх үүсвэр” хил дамнасан ажиллагааг явуулах эрхтэй гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган өнөөдөр мэдэгджээ.


“Сирийн агаарын орон зайг ашиглах тухайд энэ нь АНУ-д харьяалагддаггүй. Энэ бол олон улсын агаарын орон зай, энэ бол Сирийн агаарын орон зай. Энэ нь нэгэнт АНУ-д харьяалагдахгүй тул түүнийг ашиглах асуудлыг мөн Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын дэглэм шийднэ. АНУ урилгагүйгээр Сирид байгаа. Харин бид Анкара, Дамаскийн хооронд Аданд байгуулсан гэрээний хүрээнд байж байна. Энэ гэрээнд заасны дагуу хэрэв Сирийн эрх баригчид Курдийн ажилчны намын эсрэг арга хэмжээ авахгүй бол манай улсын цэргүүд Сирийн нутаг дэвсгэрт террористуудыг мөшгөх эрхтэй” гэж Туркийн удирдагч “Yeni Safak” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.


1980-аас 1990-ээд онд Турк, Сирийн харилцаа маш хурцадмал байдалтай байв. Туркийн эрх баригчид КАН-ыг дэмжиж байна гэж Дамаскийг буруутгаж байлаа. Хоёр орны харилцаанд үүссэн хурцадмал байдал 1998 онд улам дордож, Туркийн эрх баригчид КАН-д дэмжлэг үзүүлэхээс бүрэн татгалзахад Сирид 45 хоногийн хугацаа өгсөн байна. Мөн онд Сирийн эрх баригчид КАН-ын удирдагч Абдулла Окаланыг улсаасаа хөөн гаргасны дараа хоёр орны харилцаанд өөрчлөлт гарчээ. Турк, Сирийн Гадаад хэргийн болон Дотоод хэргийн сайд нар 1998 оны 10 дугаар сарын 20-нд хэлэлцээ хийж, хамтарсан протоколоос гадна аюулгүй байдлын асуудлаарх гэрээнд гарын үсэг зурсан байна.


Трамптай хийх уулзалт 

Туркийн Ерөнхийлөгч мөн хэрэв Анкара Сирийн хойд нутагт курдуудийг устгаж эхэлбэл АНУ “Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ” гэх Дональд Трампын мэдэгдэлд анх удаа тайлбар өгчээ.


“Би эдгээр үгийг тодорхой тойрогт хурцадмал байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хийсэн мэдэгдэл гэж үзэж байна. Одоогийн байдлаар Туркийн ажиллагаа явуулж байгаа Сирийн нутгаас цэргүүдээ гаргаж байгаа нь АНУ-ын жинхэнэ зорилгыг харуулж байна. Тэд Туркийг эсэргүүцэхгүй гэж бидэнд мэдэгдсэн" гэж Эрдоган цохон тэмдэглэсэн байна.


Эрдогантай 11 дүгээр сарын 13-нд Вашингтонд хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн шинэ ажиллагаа эхлэхээс нэг өдрийн өмнө мэдээлжээ. Үүний дараа Цагаан ордны тэргүүн хэрэв “Сирийн хойд нутагт курдуудийг устгаж эхэлбэл" Туркийн “эдийн засгийг сүйрүүлнэ” гэж хоёр ч удаа мэдэгдсэн байна.


Харин Эрдоган Цагаан ордны тэргүүний энэхүү мэдэгдлийг үл харгалзан түүнтэй 11 дүгээр сарын 13-нд Вашингтонд хэлэлцээ хийнэ гэж найдсан хэвээр байгаа аж.


“Трамп бид хоёр хоёр талын харилцаа холбоог хадгалсан хэвээр байгаа бөгөөд үүнийг цаашид ч үргэлжлүүлнэ. Бид Турк-Америкийн харилцааг бэхжүүлэхийг хичээдэг. Хэрэв Аллах хүсэж байвал бид 11 дүгээр сарын 13-нд Вашингтонд байх болно. Бид ярилцах боломжтой болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Холбоотой мэдээ