Монголын баг олимпын эрх авахад ойрхон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-10 11:51:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпын наадмын хөтөлбөрт анх удаа орж байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монголын шигшээ баг оролцох эрх авах нь тун ойртсон төдийгүй медаль хүртэх ч боломж байгаа юм.


Тэд энэ сарын эхээр Дэлхийн Гран при-д түрүүлсэн билээ.  Манай баг Токиогийн олимпын өмнө аль болох олон улсын чанартай тэмцээнд олон оролцож амжилт гарган оноогоо ахиулах нь чухал юм. Учир нь багуудын гаргасан амжилт, оноогоор нь дүгнэж олимпын эрх олгодог. Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар ММС Энержи" баг дэлхийн топ дөрөвт багтсан бөгөөд 11 дүгээр сар хүртэл энэ оноогоо хадгалж чадвал 2020 оны олимпын наадамд оролцох эрхтэй болно.


Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний эрэгтэй баг болох "Улаанбаатар ММС Энержи" баг өчигдөр /2019.10.09/ эх орондоо ирлээ. Тэд БНСУ-ын Чежү хотод 10 дугаар сарын 5-6-нд зохион байгуулсан Жэжүгийн Дэлхийн Гран при-д 13:10-аар Словенийн "Пиран" багийг хожиж аварга болж монголчуудаа баярлуулсан юм.


Тэд энэ удаагийн Гран при-д АНУ-ын "Нью-Йорк Харлем", БНСУ-ын "Инжэ" багтай нэг хэсэгт орж "Нью-Йорк Харлем" багт хожигдож, "Инжэ" багийг хожиж хэсгээсээ хоёроор гарч,  хасагдах шатанд дэлхийд тэргүүлдэг Сербийн "Земун" багийг 17:16-гаар ялж, шөвгийн дөрөвт ОХУ-ын "Нева" багийг хожиж аваргын төлөө шалгарсан юм. Ингээд аваргын төлөө 13:10-аар Словенийн "Пиран" багийг хожсон амжилтаар нэгэн шинэ түүхийн хуудсыг нээлээ. Тэд энэ тэмцээнд түрүүлснээр Саудын Арабын их дуулгад оролцох эрхээ авсан байна.


Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2020 оны Токиогийн олимпын хөтөлбөрт албан ёсоор багтсан нь Монголын баг тамирчдад том боломж олгосон хэмээн манай сагсанбөмбөг сонирхогчид, дэмжигчид, хүүхэд залуус, ард нийт ихээхэн итгэл найдвар тавьж, хүлээж байгаа юм.  

Холбоотой мэдээ