Эдийн засаг дахь залуучуудын оролцоог хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-10 14:16:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бизнес эрхлэх амаргүй, гэхдээ бизнесийн орон зай хязгааргүй юм гэж өнөөдөр МҮХАҮТ-д эхэлсэн “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" залуу бизнес эрхлэгчдийн чуулганд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мэндчилгээ дэвшүүлэхдээ хэллээ.

Тэрээр чуулганд биечлэн оролцож амжаагүй ч видео мэндчилгээ дэвшүүлэхдээ ийнхүү хэлж, “Бид бизнесийн хязгааргүй орон зай, мэдээллийн урсгалыг зөв удирдаж, залуусаа чиглүүлэх болно. Залуучуудтай ажиллах нь бидэнд олон зүйлийг товчлох боломж олгоно” гэдгийг онцолсон юм. Тэрээр, нийслэл хот, 21 аймгийн 300 гаруй бизнес эрхлэгч залуус оролцож буй Үндэсний чуулганыг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгч залуусаа, тэдний гарааны бизнесийг нэг зорилго, нэг бодлогоор дэмжих зорилгоор зохион байгуулж байгааг хэлсэн юм.

Инновацийг хөгжүүлэх замаар хувийн хэвшлийг, тэр дундаа залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих гэсэн үг өнөөдрийн чуулганы үеэр олонтоо дурдагдаж байна.

Судалгаагаар бизнес хийхэд тулгарч байгаа гол саад бэрхшээлийг залуу бизнес эрхлэгчид хөрөнгийн эх үүсвэр дутмаг, татвар болон нийгмийн даатгалын шимтгэл дарамт гэж нэрлэжээ. Энэ бүх бэрхшээлээс гадна төрийн байгууллагуудын хяналт, шалгалт бизнесийн үйл ажиллагаанд саад болдог байна

Эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Одьтань” компани үүсэн байгуулагдаад таван жил болоход нийт орлогыхоо 30 орчим хувийг татвар, шимтгэлд өгсөн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Н.Чанцалдулам ярьж байлаа.





Чуулганд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, МҮХАҮТ-ын дэд дарга Б.Намжилсүрэн, ГБХЗГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Сэлэнгэ нар оролцож үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хэлэхдээ, бизнесийн төлөөллийн байгууллага Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим дээр “Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл” байгуулсанд талархаж буйгаа илэрхийлээд, УИХ-ын гишүүд хамтран өргөн барьж өнгөрсөн 6-р сард батлуулсан ЖДҮ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн төслийн найруулгад орсон бодлогын болон хэрэгжилтийн өөрчлөлтүүдийн талаар залуучуудын төлөөлөлд дэлгэрэнгүй танилцууллаа.



 Чуулганаар бизнесийн дижитал шилжилт, Аж үйлдвэрийн хувьсгалын чиг хандлага, Монгол брэнд үүсгэх, "Ногоон хөгжил" дэх залуучуудын оролцоо зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэж байна. 

Манай улсын 21-45 насны залуусын 40 гаруй хувь нь бизнес эрхэлдэг байна. Ихэнх нь худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байна. 


Б.Болд

Холбоотой мэдээ