Өсвөр үеийнхний хуулийн мэдлэг дээшилснээр гэмт хэргийн золиос болох магадлал буурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-11 11:31:13

Ховд /МОНЦАМЭ/. “Үүргээ биелүүлж, эрхээ эдэлье” мэдлэг сорих асуулт, хариултын тэмцээн боллоо.

Ховд аймаг дахь Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхэд хамгаалагч төсөл хамтран “Хууль дүрэм миний амьдралд” аян өрнүүлж байна. Аяны үйл ажиллагаа ирэх арван нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэхүү аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн ухааны хичээлийг бататгах, сэргээх, сурагчдын сурах идэвх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр зургаан ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Үүний нэг бол  “Үүргээ биелүүлж, эрхээ эдэлье” мэдлэг сорих асуулт, хариултын тэмцээн юм.

Тэмцээнийг энэ сарын 10-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгууллаа. Тэмцээнд  Жаргалант сумын ерөнхий боловсролын долоон сургуулийн 10-12 дугаар ангийн 35 сурагч оролцож, таван баг болон мэдлэг,  ур чадвараараа өрсөлдсөн юм.

Энэ үеэр багийн гишүүдийн дунд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд боловсруулсан танин мэдэхүйн асуулт, хариулт,  гэмт  хэргийн хор уршгийн талаар дөрвөн мөрт шүлэг зохиох гэсэн чиглэлийн дагуу оноогоор  дүгнэж, шилдэг багийг тодрууллаа.  

Тэргүүн байрт  Жаргалант сумын ерөнхий боловсролын  VII сургууль,  дэд байрт  Лаборатори  I сургууль, гуравдугаар байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн I баг,  ерөнхий боловсролын  III дугаар сургуулийн баг  тус тус шалгарч шагналаа гардан авав. Мөн тэмцээнд оролцсон хүүхэд бүрт дурсгалын зүйл гардуулжээ.  

Энэхүү тэмцээн нь өсвөр үеийн хүүхдэд хууль, эрх зүйн талаар шинэ мэдлэг эзэмшүүлэх, өмнөх мэдлэгийг бататгах, өргөжүүлэх  чухал ач холбогдолтой.  Өсвөр үеийн хүүхдүүдийн хууль эрх зүйн  мэдлэг дээшилснээр  аливаа  гэмт хэргийн золиос болох магадлал буурах,  улмаар  урьдчилан сэргийлэх,  өөрийгөө болон  бусдыг  хамгаалах  ур чадвартай болно гэж зохион байгуулагчид  хэлж байна.

Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн ба төрийн бус байгууллага, гэр бүл, иргэний оролцоо чухал үүрэгтэй гэв. 

Холбоотой мэдээ