Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 134 гамшигт ослын дуудлага бүртгэжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-11 23:04:17

Ховд /МОНЦАМЭ/. “Гамшгийн эрсдэлийг бууруулах” олон улсын өдрийг жил бүр тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, БСУГ, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, Улаан загалмайн хороо, Мерси Кор ОУБ  хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдлын талаарх иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, улмаар аюул ослоос урьдчилан сэргийлэх чадварыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Төгс бүтээцгээе” уриан дор зохион байгуулснаараа онцлогтой.

Өдөрлөгийн үеэр Ховд аймгийн Онцгой байдлын газар болон Зэрэг сумын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, Манхан сумын Эрэн хайх, аврах бүлэг зэрэг байгууллага үйл ажиллагаагаа танилцууллаа.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын  тухай хуулийг иргэд, олон нийтэд сурталчлав.  

Энэ онд Ховд аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 134 гамшигт ослын дуудлага бүртгэсэн байна. Тиймээс цаашид гамшгийн эрсдэлийг  багасгах чиглэлээр иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудыг аюулгүй амьдрах арга ухаанд сургах, дадлагажуулахад тус өдөрлөгийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

“Гамшгийн эрсдэлийг бууруулах” олон улсын өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сэдэвт гэрэл зургийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна. 

 

Холбоотой мэдээ