Ховд аймаг урьдчилсан дүнгээр 3000 орчим мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-14 13:08:00

Ховд /МОНЦАМЭ/. Энэ намрын бүх нийтээр мод тарих өдрөөр Ховд аймгийн аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрх бүр идэвх санаачлага гаргаж, урьдчилсан дүнгээр 3000 орчим мод тарьсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Энэ дагуу намрын бүх нийтээр мод тарих өдөр аравдугаар сарын 12-нд тохиов.

Ховдынхон бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр 2015-2017 онд Буянт голын гүүрний дээд талд 10 га талбайд мод тарьсан. Харин 2018-2019 онд мөн 10 га газарт  бүх нийтийн мод тарих ажлыг зохион байгуулснаараа  онцлогтой.

Өнгөрсөн 2018 онд аймгийн хэмжээнд 44 мянга, энэ оны тавдугаар сард 13 мянган мод тарьснаар ургалт 70 гаруй хувьтай байна. Тэгвэл энэ удаа аймгийн  хэмжээнд урьдчилсан байдлаар 3000 орчим мод тарьсан  байна.

Тодруулбал, Жаргалант сум бүх нийтээр мод тарих өдөрт тус сумын ЗДТГ, байгаль орчны салбарын байгууллага, ойн мэргэжлийн анги зэрэг 43 байгууллагын 921 хүн оролцжээ. Тэд  Буянт голын орчим болон "Ногоон паспорт-Ногоон-төгөл" модлог ургамлын цэцэрлэгт  хүрээлэнд  2142 мод, бут  сөөгийг  тарьж, услах, арчлах ажил  зохион байгуулжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг  бууруулахад ой мод чухал үүрэгтэй. Энэ утгаараа “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн  үйл ажиллагаанд  иргэд хөдөлмөрчид идэвхтэй оролцож байна.
Намрын бүх нийтээр мод тарих өдрийн аймгийн нэгдсэн дүн энэ сарын 20-нд гарна гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ