Хантер Байден Хятадын компанийн зөвлөлөөс огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-14 12:28:27

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж буй Жо Байдены хүү Хантер Байден Хятадын "BHR" компанийн зөвлөлөөс огцрохоор болжээ.


Мөн Ж.Байден сонгогдсон тохиолдолд түүний хүү гадаадын өмчит ямар ч компанид ажиллах боломжгүй болно гэж түүний өмгөөлөгч мэдэгдсэн байна.


Хүүгийнх нь Хятад, Украин дахь ажиллагаатай холбогдуулан Ж.Байденыг мөрдөн шалгахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Украинд хандан уриалсан боловч ямар нэгэн буруутай үйлдлийн талаарх нотлох баримтыг олон нийтэд дэлгээгүй байна. Д.Трампт итгэл үл үзүүлэх үйл явц нь уг асуудлаас үүдэлтэй юм.


Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсхийж, Украинд шахалт үзүүлэхийн тулд эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн Д.Трамп болон түүнийг дэмжигчид Ж.Байденыг буруутгасан байна.


Д.Трамп сонгуульд ялахын тулд гадаадын хүчнээс тусламж хүссэнээр хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүд үзэж, түүнд итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлсэн билээ. 

Холбоотой мэдээ