“Өөлдийн соёл, түүхийн бичиг оршивой” номын нээлт болов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-14 13:42:09

Ховд /МОНЦАМЭ/. “Өөлдийн соёл, түүхийн бичиг оршивой”  номын нээлт  Ховд аймгийн Нийтийн номын санд боллоо.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Надмидын Намсрайн бүтээл, туурвилыг  хүү Н.Сэрээнэндорж  эмхэтгэн “Өөлдийн соёл, түүхийн бичиг оршивой” хэмээх ном гаргажээ.

Номын нээлтийн үйл ажиллагаанд Н.Намсрайн үр хүүхэд, Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөл, иргэд хөдөлмөрчид оролцов.

“Өөлдийн соёл, түүхийн бичиг оршивой” бүтээлийн редактороор Ховд их сургуулийн багш М.Ганболд, Н.Ганболд, эх бэлтгэгчээр Ц.Амартүвшин нар ажиллажээ. Мөн Н.Сэрээнэндорж, С.Баттулга нар номыг эрхлэн  хэвлүүлж  уншигч олонд  хүргэж байгаа нь энэ юм.

Тус ном 340 хуудас, 5 бүлэгтэй. Өөлд хэмээх нэрийн учир, угсаа гарал, уламжлалт аж ахуй, эдийн болон оюуны соёл, гар урлал зэрэг  Өөлд угсаатны түүх, уламжлал  уг  бүтээлд багтжээ.

Энэхүү ном нь  Өөлд  түмний соёлын өвийг   хойч  үеийнхэнд өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах, Монгол судлал, тэр дундаа Ойрад, Өөлд  угсаатны  талаарх  судалгааг  баяжуулах, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаны эх сурвалж хэллээ.   

Ховд аймгийн 17 суманд  алтайн  урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг  10 гаруй  угсаатан аж төрж байна.  Эдгээрээс  Өөлд  угсаатан нь  Эрдэнэбүрэн суманд олноор суурьшин амьдарч буй. Тухайн угсаатны соёл, ёс заншил, уламжлалт сэтгэлгээ  нь давтагдашгүй онцлогтой юм.

Холбоотой мэдээ