Дэлхийн алдарт "Fender" брэндийн гитарыг Харанга хамтлагт гардуулжээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-15 16:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гитарын салбарт тэргүүлэгч дэлхийн алдарт "Fender" хөгжмийн үйлдвэрийн Монголд дахь албан ёсны борлуулагч "Тотал Мюзик" компани Харанга хамтлагтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. 

"Тотал Мюзик" компани Харанга хамтлагийн 30 жилийн ойн хүрээнд TAAM (Total Artist Agency Mongolia) -тай хамтран тус хамтлагийн аргил гитарчин МУУГЗ Ц.Чулуунбаттай "Fender Artist Mongolia" хамтран ажиллах гэрээг  байгуулж, хэмнэлт гитарчин МУСТА Я.Одсүрэнд мөн дэлхийн "Fender" брэндийн гитар гардуулж  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа Харанга хамтлагийн аргил гитарчин МУУГЗ Ц.Чулуунбат хэлэхдээ: 
"Тотал Мюзик" бол Монголын орчин үеийн хөгжмийн салбарын томоохон төлөөлөгч болж чадсан. Бид дэлхийн брэндийн хөгжмийг гадаадаас захиж авахуулдаг байсан бол одоо ямар ч нэмэлт зардал чирэгдэлгүй  үйлдвэрийн үнээр нь Монголоосоо авдаг болсон. Амьд хөгжмийн хамтлагууд ямар төрөл жанраар тоглодгоосоо шалтгаалаад гитараа сонгодог. Хэви-метал урсгалынхан ихэвчлэн “Fender”, “Gibson”, “ESP” хэрэглэдэг" хэмээн ярьсан байна.
Тотал Мюзик  "Fender" брэндийг Монголын хөгжмийн зэмсгийн зах зээлд 2018 оноос албан ёсны эрхтэйгээр нийлүүлж эхэлжээ.

Холбоотой мэдээ