“Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК шинээр суурилуулсан 35 МВт-ын турбинаа ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК 35МВт турбин ашиглалтад орууллаа. Турбиныг ОХУ-ын Калугын турбин заводод, генераторыг ОХУ-ын Перевод үйлдвэрт үйлдвэрлэсэн аж. ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр бүтээн байгуулсан энэхүү төсөл хэрэгжсэнээр станцын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл 30 хувиар өсч, энэ хэмжээгээр Монгол Улсын импортоор авдаг эрчим хүч буурах давуу талтай ажээ.
“Дарханы Дулааны цахилгаан станц”
ТӨХК нь анхны агрегатаа залгаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байсан тэртээ 54
жилээс хойш түүхэндээ 3 дахь удаагийн томоохон шинэчлэлээ хийж өнөөдөр
ашиглалтад орууллаа.
1983-1985 онд Дарханы Дулааны цахилгаан станцыг 3 зуухаар өргөтгөн шинээр
120 м өндөр яндан барьж, зуухны үнс зайлуулах системийг шинэчилж
байжээ.
1992-1993 онд "Дархан-1", "Дархан-2" төсөл хэрэгжиж
ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр зуухнуудын халах гадаргууг бүрэн сольж, уурын болон
тэжээлийн усны ерөнхий коллектор болон цахилгаан тоноглолуудыг шинэчилсэн нь
цахилгаан станцын найдвартай ажиллагааг дээшлүүлж, ажиллах цагийг уртасган
ажиллагсдын ажиллах урам зоригийг нэмсэн үр ашигтай хөрөнгө оруулалт болж байсан гэж аймаг орон нутгийн удирдлагууд онцолж байв.
“Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК шинээр суурилуулсан 35 МВт-ын турбиныг ашиглалтад авах ёслолын үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн Засаг дарга С.Насанбат, Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх болон Дулааны цахилгаан станцын хамт олон, гадны зочид төлөөлөгчид оролцлоо. Энэхүү турбиныг ашиглалтад оруулснаар тус станц байгуулагдсан цагаасаа хойших 3 дахь удаагийн шинэчлэл, хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа ажээ.





