Сурагчдын тарьсан жимсийг үдийн цай хөтөлбөрт хэрэглэнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-15 17:27:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал суманд Японы ОИСКА олон улсын байгууллага, “Хитачи” группийн дэмжлэгтэй хүүхдэд экологийн боловсрол олгох, ойжуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

-Манай сум 2017 оноос эхлэн ОИСКА олон улсын байгууллагатай хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Ерөнхий боловсролын сургууль дээр эко клуб буюу экологийн боловсрол олгох, хүүхдийн ойжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Багачуудад экологийн боловсрол олгох, биологийн кабинетыг тохижуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сумын хүсэлтийг хүлээн авч шинэ төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төсөл сургуулийн сурагчдад таримал цэцэг тариалах мэдлэг, дадлага олгоно. Мөн үхрийн нүд 50, монос 200 ширхэгийг тариалж, арчилж, тордох ажил эхэллээ. Сурагчдын тарьсан жимсийг хоёр жилийн дараа сургуулийн үдийн цай хөтөлбөрт хэрэглэнэ гэж сумын Засаг дарга С.Ичинхорлоо ярилаа.

Жимс, жимсгэнэ мод бутыг ургуулах зардал болон усалгааны системийн тоног төхөөрөмжийг “Хитачи” группийн дэмжлэгээр шийдвэрлэж байна.

ОИСКА олон улсын байгууллагын төслөөр сургуулийн хүүхдүүд сүүлийн хоёр жилд сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэцэрлэгт хүрээлэн, хэлмэгдэгсдийн хөшөөний талбайд нийтдээ 200 ширхэг шар хуайс тарьжээ.

Холбоотой мэдээ