Булган сумаас 26 км зайд автобус шатжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-15 17:38:02

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Булган сумаас 26 км зайд  ХОА 78-00  дугаартай, хоёр давхар автобус шатсан байна. 

Энэ сарын 14-ний өдрийн 19 цаг 30 минутад Ярант олон улсын боомтоос Ховд аймгийн Булган сумын төв чиглэлд явж байсан “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн 35 зорчигчтой  автобус шатсан гэх дуудлага сумын Онцгой байдлын хэлтэст  иржээ.  

Дуудлагыг анх автобусны ойролцоо явж байсан автомашины жолооч, иргэн Н.Гантөмөр өгсөн байна. Улмаар гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул хүний амь эрсдээгүй, түлэгдэж гэмтээгүй автобуснаас буужээ. 

Тухайн дуудлагын дагуу Булган сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн таван хүний брэлдэхүүнтэй баг  газар дээр нь очиж, шуурхай арга хэмжээ авчээ.

Алба хаагчдыг очиход автобусны зургаан дугуйнаас бусад хэсэг галд автсан, галын тархалт өндөр хувьтай байсан аж.

Тухайн автобусанд зорчиж байсан 35 иргэнийг нэмэлт  автобусаар Булган сумын төвд хүргэсэн байна.

Анх автобусны арын хэсэг буюу моторноос гал алдсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан бөгөөд галын шалтгааныг нарийвчлан тодруулахаар холбогдох байгууллага ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг тодруулах ажил энэ сарын 18-19-ний өдөр хүртэл хугацаанд  үргэлжилнэ гэж албаны эх сурвалж хэллээ. 

Булган сум нь Улаанбаатар хотоос 1855 км, Ховд аймгийн төвөөс 385 км зайд байрладаг. Баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг. Хилийн боомт байнгын ажиллагаатай бөгөөд БНХАУ болон Монгол Улсаас нийт дөрвөн автобус зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж.  

Холбоотой мэдээ