Монголын арбитрчид гадаадад ч маргаан шийдвэрлэхэд оролцдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-10-15 19:30:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын арбитрчдын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр МҮХАҮТ-д төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон Арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо, тулгамдаж байгаа асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, өнөөдрийн хэлэлцүүлгийг мөн Монгол Улсад Арбитр үүсэж хөгжсөний 90 жилийн ойг угтан зохиож буйг онцлоод, “Өнөөдөр манай улсад бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 93 мянган компани байгаагаас жилд ойролцоогоор 500 мянга гаруй гэрээ хэлцэл хийдэг. Манай улсад хөгжиж буй орны адил бизнесийн маргаан, гэрээний зөрчил, үл ойлголцол нэлээд гардаг.


Гэвч гарч буй маргааны 0.2 орчим хувь нь Арбитраар шийдэгддэг нь маш чамлалттай тоо юм. Тиймээс шүүхийн ачааллыг бууруулах, маргааныг түргэн шуурхай шийдэхэд Арбитр чухал үүрэгтэйг сурталчлах, ойлгуулах нь чухал байна. Хэдэн шатны шүүх дамжаад хэрэг нь замхарсан, цаг, хугацаа, хөрөнгө санхүүгийн багагүй хохирол амссан компаниуд үүнийг гэрчилнэ” хэмээн тодотгож байсан юм.

Тиймээс арбитрын шинэчлэлийг зайлшгүй хийх ёстойг тэрээр онцлоод, “Энэ үүднээс дотоодын арбитрчдаа мэргэшүүлж, чадавхжуулах, гадны арбитрчдаас сургалт авч, үйл ажиллагааг илүү өргөжүүлэх шаардлага тулгараад байна. Арбитрын үйл ажиллагааг өргөжүүлэн сайжруулснаар Монголын бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчин сайжирч, Монголд хөрөнгө оруулагчдыг хамгаалах эрх зүйн орчин бий болно. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ” хэмээн тэмдэглэж байв.




Хэлэлцүүлэгт ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол, СЭЗИС-ийн дэд профессор Ж.Оюунтунгалаг, өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХК-ийн захирал О.Номинчимэг, “Аспайр майнинг лимитед” ХХК-ийн төлөөлөгч М.Энх-Од нарын хуульчид оролцож, арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо, зааг ялгаа, эрх, үүргийн талаар танилцуулсан юм.



Мөн энэ өдөр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитр үүссэний 60 жилийн ой болж байна. Манай улсын арбитрын байгууллагын бүрэлдэхүүнд 77 арбитрч ажиллаж хэрэг маргаан шийдвэрлэж байгаагаас 29 арбитрч нь БНХАУ, ОХУ, Япон, Хонконг, Польш, ХБНГУ, Сингапур, Австрали, АНУ, Англи зэрэг орны арбитрчид байдаг аж. Мөн Монголын арбитрч нар гадаад улс оронд арбитрын ажиллагаанд оролцож хэрэг, маргааныг шийдвэрлэж байна.

 Б.Болд

Холбоотой мэдээ