Арвайхээрт “Хаус хороолол” барих ажил үргэлжилж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-16 17:31:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд “Хаус хороолол” барих ажил үргэлжилж байна. Тэнд таван төрлийн загвараар 167 айлын хаус сууц барих бөгөөд энэ онд 110 айл сууцандаа орох төлөвлөгөөтэй байгаа юм.

Тус хорооллыг байгуулахын тулд дулааны, цэвэр усны, хэрэглээний цэвэр усны зэрэг таван хос шугам бүхий инженерийн байгууламжийг барьж байгаа ба одоогоор цэвэр усны 2423, бохир усны 1653 метр шугам сүлжээг тавьжээ. Сууц бариулж буй иргэд инженерийн шугам сүлжээ, газрын өртөгт 9.5-14.5 сая төгрөг төлж байна.

Хаус хороололд гэрэл цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр 650 метр цахилгааны шугам сүлжээг татаж, дэд өртөө байгуулсан юм. Мөн 20 га газарт 400 метр өргөн, 500 метрийн урттай хайсан хашаа барих ажил хийж байна.

Холбоотой мэдээ