Ч.Эрдэнэбаяр: Оюуны өмчийн зөрчлийг соён гэгээрүүлэх замаар багасгадаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-16 12:59:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газраас  худалдаа эрхлэгчдэд зориулан “Оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” семинарыг “Новотел” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа.

“Тэди”, “Миний сүлжээ”, “Алтжин Бөмбөгөр”, “Сандэй”, “Дүнжингарав” зэрэг томоохон худалдааны төв, “Талх чихэр”, “Монфреш”, “Сэлэнгэ пресс”, “Аз хур” зэрэг компанийн төлөөлөл оролцсон өнөөдрийн семинарт Оюуны өмчийн газрын шинжээч мэргэжилтнүүд “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, барааны тэмдгийн мэдээллийг хайх нь”, “Бүтээгдэхүүний загварт тавигдах шаардлага, мэдүүлэг”-ийн талаар арга зүйн мэдээлэл, зөвлөгөө өглөө. Семинарын талаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяраас тодруулав.

-Оюуны өмчтэй холбоотой ямар зөрчил ихэвчлэн гарч байна вэ?

-Дэлхий нийтэд хөгжил дэвшлээ дагаад оюуны өмчийн зөрчил их гарах болсон. Манай улсад ч ялгаагүй. Зөрчил шалган шийдвэрлэж буй хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь хэд хэдэн зүйлтэй холбоотой байна. Нэгд, техник, технологи хөгжөөд хүн бүр гар утастай болж, нийгмийн сүлжээ дэлгэрснээр you tube-гээс кино, концерт зэрэг урлагийн аливаа мэдээлэл бүтээлийг татаж авах, шэйрлэж дамжуулан түгээх болсон.

Бүр ашиг олох зорилгоор худалдаа болгон зохиогчийн эрхийг зөрчиж байна. Дуу хөгжмөөс эхлээд киног хуулбарлан худалдааны төвүүдэд борлуулж байна. Энд зөвшөөрөлгүй үйлдэл нь их давамгайлж байгаа. Хоёрт, барааны тэмдгийг, ялангуяа шинэ бүтээгдэхүүний загварыг хуулбарлаж байна. Энэ нь мөн л техник технологи хөгжиж буйтай холбоотойгоор зөвхөн нэрийг нь өөрчлөх зэргээр барааны тэмдгийг үйлдэх нь амар хялбар болсон.


-Зөрчлийг хэрхэн арилгаж, урьдчилан сэргийлж байна вэ?

-Зөрчлийг багасгах, арилгах аргыг олон улсад ерөөс сургалт, сурталчилгаа явуулж соён гэгээрүүлэх ажил явуулах гэж үзэж буй. Манай улс үүнээс хоцроогүй. Оюуны өмчийн газар бүх аймгийн тойрон сургалт хийж байна. Шинэ бүтээлтэй холбоотой сургалтыг “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-д явуулсан. Замын-Үүдийн гааль дээр худалдаа эрхлэгч нар болон экспорт, импорт хийж буй ААН-ийн төлөөлөлд жил бүрийн 4-р сард сургалт хийдэг. Өнөөдөр худалдаа эрхлэгчдэд хандсан сургалт семинар зохиож байна. Энэ жил манай байгууллагынхан баруун 5 аймгаар явж мөн сургалт сурталчилгаа зохион байгуулахаар ажиллаж байна гэв.







Тодруулга: Энэ оны эхний 9 сард Оюуны өмчийн газар иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн 288 бүтээлд патент олгоод байна. Үүний 160 нь шинэ бүтээлийн, 128 нь бүтээгдэхүүний загварынх байна. Шинэ бүтээлд олгосон патентыг ангилж үзвэл 60 нь хими, төмөрлөг, 50 нь хүний хэрэгцээний, 15 нь технологийн төрөл бүрийн ажиллагааны, 35 нь бусад ангилалд хамаарч байна.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ