Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Ерөнхий сайдын харьяанд байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-17 12:52:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд, Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулахаар тусгажээ. 


“Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны долоодугаар сарын 27-ны 4 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан байна. Тодруулбал, яам, агентлаг болон төрийн бусад байгууллага салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал өсөх, цаг хугацаа алдах, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмж удаашрах зэрэг сөрөг үр дагавар бий болж буй юм. Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг уг төсөлд тусгажээ. Төрийн худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад уг газар чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганд танилцуулав.


Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд байгуулахаар төсөлд тусгасан байсан бол Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нар Шадар сайдын эрхлэх хүрээнд байгуулах нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын харьяаллыг Шадар сайдын эрхлэх хүрээнд байгуулах зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Тэрбээр, шинээр байгуулах тус агентлаг нь Ерөнхий сайдын харьяанд байх, мөн блокчейн технологид суурилсан ил тод худалдан авалтыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх шаардлагатай гэсэн саналаа илэрхийлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, хавар баталсан Төрийн худалдан авах ажиллагааны шинэ хуультай уялдуулан Засгийн газраас өргөн барьсан саналаар, худалдан авах ажиллагааны газрыг Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд байхаар баталж өгөхийг гишүүдээс хүслээ. Мөн худалдан авах ажиллагааг цаашид аль болох хүний оролцоо багатай байлгаж, хиймэл оюун ухаанд суурилсан цахим технологиор шийдэж, ил тод, шуурхай тендер шалгаруулдаг нөхцөл бололцоог хангаж ажиллана гэлээ.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын харьяанд маш олон байгууллага байгаа тул Төрийн худалдан авах ажиллагааны газрын ажилд хяналт тавьж дийлэхгүй гэв. Тиймээс хуучнаар нь Шадар сайдын харьяанд байгуулах нь зөв гэсэн зарчмын зөрүүтэй санал гарсныг Байнгын хороогоор дэмжсэн гэж тайлбарлалаа. 


Зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Д.Эрдэнбат нар үг хэллээ. Тодруулбал, Ерөнхий сайдын ачааллыг нэмж, аж ахуйн ажилтай хутгаж болохгүй. Ингэснээр, гарсан үр дагаварт нь Ерөнхий сайд хариуцлага хүлээж нэр хүнд нь унаснаар, Засгийн газрын тогтвортой байдал алдагдана гэсэн байр суурь илэрхийлж байв. 


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, үг хэлэв. Тендер сонгон шалгаруулах ажил нь орон нутгийн ЗДТГ-аар дамжин явагдах учир, уялдаа холбоог нь хангахад Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд байлгах нь илүү оновчтой гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Түүнчлэн цаашид Төрийн худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаан ашиглаж, цахимаар явуулдаг болгох талд анхаарч ажиллана. Тиймээс харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар агентлагийн аль харьяанд байгааг нь тооцож, Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд хамруулахаар төсөлд тусгасан гэдгийг цохон тэмдэглэв. Тиймээс ирээдүйд гарах үр дагаврыг тооцож, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг хэвээр нь батлахыг гишүүдээс дахин хүслээ. 


Ийнхүү Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Холбоотой мэдээ