Завханы ЗДТГ 35 мянган иргэний санал хүсэлтийг сонсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-18 15:43:11

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил “Ард иргэдээ сонсох аян”-ыг гурван удаа зохион байгуулж 35 мянган иргэнийхээ санал бодлыг сонсож төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээрээ үнэлүүллээ хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Ард иргэдээ сонсох аяныг 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлж хөдөөгийн 23 сумын төвийн багийн иргэдийн санал хүсэлтийг сонсжээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2019 онд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа. Мөн төрийн албан хаагчдын ажлыг иргэдээр үнэлүүлж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг бичгээр авсан. Энэ онд Завхан аймагт 90.7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийж, шинээр 23 барилга байгууламж баригдаж байна.

Авто замын бүтээн байгуулалтын ажлыг 300 тэрбум төгрөгөөр, нийт 400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж байна. “Ард иргэдээ сонсох 7 дугаар аян”-ы үеэр иргэд аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нар иргэдийн асуултад хариулт өгч ажиллалаа. Харин авто зам болон бусад бүтээн байгуулалтын ажлууд Завхан аймагт эрчимтэй өрнөж, хүнийхээ хөгжилд чиглэсэн олон бүтээлч ажлыг санаачлан хийж буйд иргэд талархлаа илэрхийлж байв.

Тухайлбал, иргэдээ соён гэгээрүүлэх зорилгоор хөдөөгийн 23 сумын Соёлын төвүүдийн дунд “Манлай соёлын төв” шалгаруулах болзолт уралдааныг энэ оны есдүгээр сарын 1-нээс ирэх оны тавдугаар сарын 25-ны өдөр хүртэл зохион байгуулж буйг иргэд сайшааж байв. Аймаг иргэдээ сонсдог, иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, хийсэн ажлаа иргэддээ тайлагнадаг, төрийн албан хаагчид нь айл өрхүүдээ хариуцан ажилладаг. Төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг, иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлэн гурав дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Ташрамд дуулгахад, 2018 онд нийт гурван удаа, давхардсан тоогоор 44.800 гаруй иргэний санал хүсэлтийг нэгтгэн боловсруулсан. Үүнийгээ багцлан 2019 оны аймаг, сумын үндсэн чиглэл, бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлсэн юм. Энэ оны нэгдүгээр сард нийт айл өрхийн 70 хувиар нь орж иргэдийнхээ саналыг сонсож ажилласан бол наймдугаар сард хөдөөгийн 88 багийн 14 мянга гаруй иргэний санал бодлыг сонсож төрийн үйлчилгээг газар дээр нь очиж хүргэсэн байна хэмээн аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан тус тус мэдээлэл өглөө.

Иргэн бүр төрийн албан хаагчдын ажлыг үнэлдэг болжээ

Завхан аймгийн төв Улиастай суманд ажиллаж буй нэг төрийн албан хаагч 3-5 өрхийг хариуцан авч төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, зөвлөн туслагч болж ажиллаж байна. 
Тодруулбал Завхан аймгийн Засаг даргын "Ард иргэдээ сонсох аян"-ы хүрээнд төрийн албан хаагчид өрх бүрээр орж иргэддээ урилга, мэдээлэл өгч ажиллаж тэдний санал хүсэлтийг авчээ. Иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн төрийн албан хаагч бүр айл өрхүүддээ өөрийн биеэр очиж төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, мэдээ мэдээллийг танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонсож,  шийдвэрлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага байна гэдэг дүгнэлт гаргажээ. Тиймээс Улиастай сумын нэг төрийн албан хаагч таван өрхийг хариуцан авч төрийн үйлчилгээг өрх бүрд хүргэдэг болсон байна.

Энэ нь төр иргэддээ хүрч үйлчлэх томоохон алхам болж байгаагаас гадна төрийн албан хаагчид ч олон талын мэдлэг, мэдээлэлтэй болж өөрийгөө хөгжүүлэх давуу талтай. Ард иргэдийн сэтгэлд нийцэж, талархлыг хүлээгээд буй энэ жишгийг хөдөөгийн сумдад ч нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ. Төрийн байгууллага гэдэг бол ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага болохоос бус ард түмний дарга биш юм. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн төрийн байгууллагуудын ажлыг ард иргэдийн үнэлгээгээр дүгнэдэг болжээ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг ард иргэдээс санал авч үнэлгээ өгдөг болсон байна. Ингэснээр төрийн албан байгууллагын дарга нар иргэдээ сонсож, иргэдтэйгээ ойр байх, ард түмэндээ түргэн шуурхай, хүнд сурталгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх зэрэг олон дэвшил гарч байгаа ажээ. 

 

Холбоотой мэдээ