Хуулийн дагуу 23 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчид давуу эрх олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-18 13:36:13

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн орон нутгийн өмчийн газар энэ оны бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын төлөвлөгөөний биелэлт 95,0 хувь байна гэж мэдээллээ.

Улс болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, авто замын сан, байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 101 төсөл, арга хэмжээний 17,2 тэрбум төгрөгийн худалдан авалтыг зохион байгуулж байгаа юм. Орон нутгийн аж ахуйн нэгжүүд 15 бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчээр шалгарсан байна. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах  тухай хуульд зааснаар орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан 23 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчид давуу эрх олгожээ.

Тухайлбал эдгээр аж ахуйн нэгжүүд аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдээс 180 хүнийг ажлын түр байраар хангахаар гэрээ байгуулан ажиллаж байна гэж аймгийн орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Анхбаяр хэллээ.

Холбоотой мэдээ