Дархан хот байгуулагдсаны 58 жилийн ой тохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-10-18 12:51:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Бурхантын хөндий”-д бууриа зассан Дархан хотын 58 жилийн ой тохиолоо. Залуусын болон Найрамдлын гэх тодотголтой их хотын түүхийг эргэн санавал 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тулгын чулууг тавьж тухайн үеийн социалист орнуудын дэмжлэгтэйгээр богино хугацаанд байгуулсан юм.

Түүхэн ойгоо угтан хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтыг иргэдэд танилцуулах, цаашид ямар ажлуудыг хийх талаар Дархантай танилцах аяллыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан бол их хотын хагас жарныг шүргэсэн ойн өдөр Сүлд дуундаа хүндэтгэл үзүүлж, Найрамдал талбайд цугласан иргэд, аймаг орон нутгийн удирдлагууд Залуучууд театрын уран бүтээлчидтэй хамтран Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн үг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын ая Дархан хотын сүлд “Хамгийн сайхан хот” дууг хамтдаа дууллаа. 

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2001 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 47 дугаар тогтоолоор сүлд дуу

болгон мөнхжүүлэх болсон тус дуунд 57 жилийн ойн өдөр хөшөө босгон мөнхжүүлсэн билээ.

Үүний дараагаар 58 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт Залуучууд театрын их танхимд боллоо. Баярын хуралд аймаг орон нутгийн удирдлагууд, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул А.Ц. Доржиев, Дарханчуудын төлөөлөл оролцлоо. Үйл ажиллагааг Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат баярын мэндчилгээ, хотын хөгжлийн талаар хийж буй ажлыг товчхон танилцуулж төрийн дуулал эгшиглэн нээсэн юм. Баярын хурлын онцлох нэг хэсэг бол эх орон, аймаг, сумынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэддээ төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа байлаа. 58 жилийн ойн өдөр “Цэргийн гавьяаны одон”-оор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан Доржийн Сумъяа “Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Жигүүр цогцолбор сургуулийн багш Тунгалагийн Сарандэлгэр, Шарын гол сумын 6 дугаар сургуулийн бага ангийн багш  Лувсандоржийн Сувдаа, салбар яамны шагналаар 3 иргэн шагнуулсан байна. Үүнд:

“Санхүү-банкны тэргүүний ажилтан”-аар  Дархан сумын 8 дугаар багийн ахмад настан Чулууны Алтангэрэл, “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан”-аар Дархан сумын 2 дугаар багийн ахмад настан
Довжуугийн Дулмаа “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан“
-аар Дархан сумын 6 дугаар багийн Засаг дарга Равдандоржийн Урангуа нар тус тус шагнуулж Хотын ойн энэ өдөр баяр дээрээ баяр нэмлээ.

Ойн баярын уламжлалт үйл ажиллагааны нэг бол үндэсний бөхийн барилдаан байдаг. Энэ өдөр хүчит 32 бөх барилдаж уран мэхийг уралдуулсан байна. Хүчит бөхийн барилдаанд Улсын начин Н.Баярбаатар түрүүлж, Улсын начин Б.Дэлгэрсайхан үзүүрлэжээ. Харин шөвгийн дөрөвт аймгийн заан С.Оргилбаатар, аймгийн харцага А.Түмэн-Өлзий нар үлджээ.

Их хотын түүхт 58 жилийн ойн онцлох томоохон үйл явдлаас тоймлон хүргэж буй дараагийн мэдээлэл баярын өдөр мэндэлсэн Дархан хотын бяцхан иргэддээ болон эхчүүдэд аймгийн Засаг дарга С.Насанбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл тэргүүтэй албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Энэ өдөр 12 хүүхэд мэндэлсэн бөгөөд 3 хүү, 9 охины бие эрүүл саруул, сайн байгааг төрөх тасгийн эмч, сувилагчид мэдээлсэн. 
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: Өдөр шөнөгүй ард түмнийхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байдаг эмч мэргэжилтнүүдээрээ бахархаж явдгаа илэрхийлээд эх, хүүхэд бүр эсэн мэнд амаржиж, Монголын үрс маш олон болох болтугай хэмээн
ерөөлөө.

Ийнхүү төвийн бүсийн тулгуур, ах дүү хотуудын эвийн хүчээр сүндэрлэн боссон, энэ цагийн залуусын Дархан хот байгуулагдсаны түүхт 58 жилийн ой өргөн дэлгэр болж өндөрлөв.

 

Холбоотой мэдээ