Г.Ган-Эрдэнэ анхны тулаандаа яллаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-21 11:31:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн бокст хөл тавьж байгаа Ганхуягийн Ган-Эрдэнэ 10 дугаар сарын 20-нд Филиппин улсын Генерал-Сантос хотноо мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийж өрсөлдөгчөө ялав.


Монголын сонирхогчдын боксын шилдэг тамирчдын нэг, Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт , “Рио-2016” Олимпын наадамд оролцсон, спорт сонирхогчдын дунд “Жижиг Үүеэ” хэмээгддэг түүний энэ анхны тулааны талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагираг/ мэдээллээ.


Тэрбээр энэ жил 26 настай бөгөөд Г.Ган-Эрдэнэ БНСУ-ын мэргэжлийн боксын промоутер Энди Кимтэй гэрээ байгуулсан юм. Г.Ган-Эрдэнэ “Heavy Hitters promotions”-д харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. Тэр мэргэжлийн боксын анхны тулаанаа 53,5 кг жинд Филиппиний Пауло Перонатай хийж, зургаан раунд илүүрхэн шүүгчдийн санал нэгтэй оноогоор яллаа.


Түүний өрсөлдөгч нь энэ жил 28 настай, мэргэжлийн бокст 2013 оноос хойш 22 удаа тулаан хийсэн туршлагатай боксчин байв. Г.Ган-Эрдэнэ ийнхүү домогт боксчин Мэнни Пакьяогийн амьдардаг хотын нутаг нэгт тамирчинг нь ялж, мэргэжлийн боксын гараагаа сайхан эхэлж байна.

 

Холбоотой мэдээ