АТГ-ын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллалаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-21 17:41:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын ажлын хэсэг 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймагт ажиллаж “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг хийлээ. Ажлын хэсгийнхэн иргэд болон төрийн албан хаагчидтай уулзалт хийж, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан авлигын талаарх мэдээллийг хэрхэн өгөх талаар мэдээлэл өгөв.

Олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд иргэдийг татах оролцуулах, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, гомдол, мэдээлэл хүлээн авах мөн төрийн үйлчилгээний талаар иргэдтэй харилцан ярилцах нь тус өдөрлөгийн зорилго юм.  

Иргэдэд авлигын талаарх мэдээлэл байдаг. Гэхдээ үүнийгээ хаана, хэнд өгөх вэ гэдгээ огт мэддэггүй болох нь АТГ-аас явуулсан судалгаагаар батлагдсан. Тиймээс АТГ-аас иргэдийг мэдээлэл өгөх боломжоор нь хангах үүднээс 110 гэдэг нээлттэй, төлбөргүй утсыг ажиллуулж эхэлсэн. Ялангуяа АТГ хөдөө орон нутаг, аймгуудад өөрийн ажилтангүй учир иргэдийн мэдээлэл өгөх энэ утас яалт ч үгүй шаардлагатай зүйл байсан. Төрийн үйлчилгээний хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй тушаал шийдвэр гаргах, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа талаарх мэдээллүүдийг өгөх боломжтой. Гол нь энэ бүгд баримт нотолгоотой байх ёстой. Үүнийг ойлгуулах нь өдөрлөгийн гол үйл ажиллагаа. Нөгөө талаар хөдөө орон нутгаас мэдээлэл ирэхгүй байна гээд тэнд авлига байхгүй гэсэн үг биш. Иргэд аль салбарын үйл ажиллагаанд илүү бухимдалтай байна, түүнд дүн шинжилгээ хийгээд тухайн салбар руу хандсан ажил үйлчилгээг манай байгууллагаас явуулах юм гэх мэдээллийг АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Сүх-Очир өглөө.

Өдөрлөгийг АТГ-аас аймгийн ЗДТГ болон бусад төрийн байгууллагуудтай храмтран зохилон байгуулж буй бөгөөд иргэдтэй хийх уулзалт, төрийн албан хаагчдын уулзалт ярилцлага, сургалт, гэсэн хоёр төрлөөр үргэлжилсэн юм. 

Холбоотой мэдээ