Төрийн албаны шалгалт өгөхөөр 5 мянган хүн ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-10-22 15:49:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албанд анх орох иргэдийг ерөнхий шалгалтад энэ сарын 1-30-нд бүртгэж буйг Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-өөс өнөөдөр мэдээллээ.

Ингэхдээ www.csc.gov.mn вэб сайтаар цахимаар бүртгэж байна. Улмаар ерөнхий шалгалтыг 11-р сарын 11-25-нд орон даяар зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлөөс төв болон салбар комисс байгуулаад байна.

Энэ оны эхнээс мөрдөж буй Төрийн албаны тухай шинэ хуульд төрийн албанд анх орох иргэдээс ерөнхий шалгалт авч байхаар заажээ. Өмнөх хуулиар төрийн албаны шалгалт өгөөд бүртгэгдсэн иргэд шууд ажилдаа томилогдон ордог байсан бол одоо шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн албаны нөөцөд бүртгэдэг болсон. Дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгч байхаар зохицуулсныг Төрийн албаны зөвлөлийн гишүүн З.Баатарсайхан мэдэгдлээ.

Ерөнхий шалгалтаар ярилцлага хийхгүй, гурван чиглэлийн шалгалттай, тэдгээр нь тус бүртээ босго оноотой аж. Эхний шатанд 35-аас дээш оноо авч тэнцэж, дараагийн шат болох монгол хэл, монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Энэ шалгалт 30 минут үргэлжилнэ. Монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалтад 10-аас дээш оноо авсан иргэн тэнцэж, төрийн албаны нөөцөд гурван жилийн хугацаатай бүртгэгдэнэ” гэв. Шалгалтад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүх, соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтаж байгаа аж.


Өнөөгийн байдлаар, төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдахаар 5 мянган хүн хандаж, 1800 гаруй иргэн бүртгүүлээд байна. Шалгалт өгч буй иргэд ихэвчлэн хууль эрхзүй болон монгол үндэсний бичгийн шалгалтад унаж байгааг хэлэв.


Мэдээллийн үеэр сэтгүүлчид Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллагуудад хийж буй шалгалтын талаар асууж байлаа. Үүнд, Төрийн албаны зөвлөлийн гишүүн З.Баатарсайхан хариулахдаа, “Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас халах байдлыг хянах аудитын үйл ажиллагаа манай байгууллагад ирсэн. Энэ талын зөрчлийг хянан шийдэж байгаа. Саяхан гэхэд л БОАЖЯ, ЗТХЯ-нд шалгалт хийсэн, удахгүй мөн хоёр яамыг шалгана” гэв. Гэхдээ шалгалт хийх газрыг зарлаж болдоггүйг учирлалаа.


Төрийн байгууллагуудад гарч буй зөрчил ихэвчлэн улстөрийн томилгоотой холбоотой гардаг байна. Үүнийг зохицуулах гэхээр зарим хууль, дүрэмтэй зөрчилддөг гэж байв. Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагын тухай хууль хэзээ гарах нь тодорхой бус байгааг нэмж хэлж байв. Энэ хууль хэлэлцэгдэж батлагдан гарвал байгууллагууд дээр Ёс зүйн зөвлөл байгуулах учиртай. Үүнийг дээрээс шахах байдлаар бус, ёс зүйтэй, итгэлтэй хүмүүсээр бүрдүүлэн байгуулах шаардлагатай гэдгийг тэрээр онцолж байв.

Б.Болд

Холбоотой мэдээ