Цэнхэр сумын засаг дарга Орхон багт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргалаар ахлуулсан Буйлан, Орхон багийн албад тус багуудаас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгч нар Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн хилийн зааг дагуу найман хоног ажиллаад ирлээ.
Тус ажлын хэсгийнхэн гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл алслагдсан бөглүү нутгийн малчдад цаг үеийн мэдээлэл хүргэж, хууль сурталчлан 2016 оны нийгэм- эдийн засгийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийг танилцууллаа.
Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргал хөдөөгийн иргэдэд УИХ-аар 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 426 хууль, 64 тогтоол хэлэлцсэнээс бие даасан 29 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 355 хууль, олон улсын гэрээ конвенц соёрхон батлах тухай 11 хуулийг тус тус баталсныг дурьдаад, Эрүүгийн тухай хуульд ялын бодлогыг өөрчилж, хорихоос гадна зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах, торгууль оногдуулах болсныг, түүнчлэн шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан талаар танилцууллаа. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бэлгийн мөлжлөг мөн төрлийн дарамт учруулах, занал хийлгэх, сонгуулийг хууль бусаар явуулах, луйвардан зохион байгуулах, хүүхдийг шийтгэх, тэдэнд садар самууныг сурталчлах, уруу татах, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт шинэ төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.
Орхон багийн малчид төрийн тахилгат уул-Суварга хайрханы өвөр, Орхон, Цэцэрлэг, Урд Тамирын голын эхний тагууд, Чингисийн түмэн цэргийн овоо, Солбидгийн нурууны өндөр өндөр сарьдагууд, Хүнгэнэдэг хүрэн боргио, Суу, Их тээл, Уу-гийн голын хөндийгөөр оторлон нутагладаг онцлогтой. Тэд өнгөрсөн жилийн малын тооноос хойш цас дарж, зам харгуй хаагдснаас болоод сумын төвөөс ер хүний бараа хараагүй, зөвхөн G-мобелийн утсаар л харилцдаг байснаа хуучилж, өвлийн бэлтгэл хоол хүнс эм тариагаа ноднин намар сайн базаасан учир өвлийг алжаалгүй давж, мал сүрэг мэнд орсон гэж байв. Ажлын хэсэг иргэдийн санал хүсэлтийг авч, басхүү эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсэн юм. Орхон багийн баруун хэсгээс эргэн харахад, Цэнхэр, Цэцэрлэг багийн уулс, тээр доор үзэгдэж, айлын гэрийн тооноор хадан дээр байгаа ямаанууд харагдах нь сонихон. Ёстой л үлгэрт гардаг тэнгэрийн орон гэлтэй. Энд аргаль янгир дүүлж, хойлог, зэрлэг сонгино зэрэг ховор амьтан ургамал байдаг гэж малчид хууч яриа дэлгэв.
Орхон нутгаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар Сэнгийн Жамъян, аймгийн хошой аварга С.Далхсүрэн, улсын аварга саальчин О.Пүрэвээ, “Алтан тугал”–ын эзэн 2000-т малчин эмэгтэй М.Жавзаг нарын хэсэг шилдэг малчид төрөн гарчээ.
Архангай аймаг Л.Булган