Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-23 15:20:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Н.Оюундарь нар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН) төлөөллийг Төрийн ордонд өнөөдр хүлээн авч  уулзлаа.


Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн ой ирэх онд тохионо. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн 20 жилийн ой ирэх онд тохиох тул хоёр ойг хамт тэмдэглэх саналаа УИХ-ын гишүүн Л.Болд хэллээ.


Мөн тэрбээр Монгол Улс ардчиллын боловсролыг хөгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшлийг дэмжих, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцоход тэргүүлэх ач холбогдол өгч байгааг онцлон дурдав.


Тэрбээр, "Монгол Улс АОХН-ийн сайд нарын 7 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сард зохион байгуулсан. Энэ нь Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, түүний дотор ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтыг хэрэгжүүлэхэд бодитой алхам болсон юм" гэлээ.


Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг нь ардчиллыг дэмжих, ардчиллын хэм хэмжээ, институцийг хөгжүүлэн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм. Байгууллагыг анх 2000 онд Польш Улсын Варшав хотноо болсон Гадаад хэргийн сайд нарын анхдугаар бага хурлаар байгуулсан бөгөөд эдүгээ дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэсэн байна.

Холбоотой мэдээ