Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сан байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас энэ сарын 8-нд өргөн мэдүүлсэн. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийг 1993 онд баталснаас хойш 13 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зургаан бүлэг 12 зүйлтэй боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар Монголын 175.6 мянган иргэн гадаадад оршин сууж байгаагаас хамгийн олон буюу 49 мянга нь БНСУ-д байна. Мөн 30 мянган иргэн АНУ-д, 10 мянган иргэн БНХАУ-д амьдарч байгаа юм. Хуулийн төсөлд хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан байгуулах, тус сангаас иргэдэд туслах, дэмжих нарийвчилсан журмыг Засгийн газрын тогтоолоор батлахаар тусгажээ. Мөн 180-аас дээш хоног гадаадад зорчих иргэд дипломат төлөөлөгчийн газар болон консулын газартаа цахимаар бүртгүүлэх бололцоог бүрдүүлэхээр тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 10 орчим хувь нь гадаадад ажиллаж, амьдарч байгааг дурдаад, тэд 1072 хувьцаа эзэмших, газар өмчлөх, хүүхдийн мөнгө авах зэрэг эрхээ эдэлж, төрийн үйлчилгээг тэгш хүртэж байгаа эсэхийг тодруулав.
Ажлын багийн гишүүн, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, 2000 оноос хойш гадаадад төрсөн 11700 хүүхдэд дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрсний гэрчилгээ олгосон байна. Тэдгээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгож байна гэж хариулав. Мөн ажлын багийн гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, "Гадаадад амьдарч байгаа 176 мянган иргэний газар өмчлөлийн талаарх судалгаа одоогоор байхгүй байна. 2003 оноос газар олгож эхэлсэн, сүүлийн жилүүдэд цахимаар явуулж байна. Тиймээс гадаадад амьдарч байгаа монгол иргэд тухайн орныхоо дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлсэн бол цахимаар дамжуулан газраа өмчлөх эрхтэй юм. 2012 оноос Эрдэнэс Таван толгой ХХК-ийн 20 хувийн нийт 3 тэрбум ширхэг хувьцааг 2012 оноос өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт гадаад, дотоодод байгаагаас үл хамааран олгосон" хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Гадаадад амьдарч буй монгол иргэдэд туслах сангийн мөнгийг хэрхэн ангилж зарцуулахыг тодрууллаа. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, гадаадад амьдарч буй иргэдэд зориулж санд тодорхой мөнгө тавьдаг ч нийт сангийн 50 хувийг гадаадад нас барсан иргэнийг эх оронд нь авчрахад зарцуулдаг. Мөн гадаадад ял эдэлж байгаа иргэдийг эргэх, эх оронд нь авчрах зэрэгт тодорхой хувийг нь ашиглаж байна. Одоо мөрдөж байгаа хуулийн төсөлд зарцуулах хувь хэмжээг зохицуулсан томьёолол байгаагүй юм. Хуулийн төслөөр сангийн хөрөнгийг найман тохиолдолд зарцуулахаар заасан. Тухайлбал, Гадаадад хэрэгт холбогдсон иргэд төлбөрийн чадваргүй, албан бичиг орчуулах чадамжгүй зэрэг асуудал гардаг. Энэ үед хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар боловсруулсан онцлогтой" хэмээв.
Ийнхүү санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдааны шууд дамжуулалт