Ч.Хүрэлбаатар: Банкуудын хөрөнгө нэмэх асуудал үүсэх ч шийдээд явах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
2019 оны эхний хагас жилийн байдлаар, эдийн засгийн өсөлт сэргэж 7.3 хувьд хүрсэн, зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой байж, уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт сайжирчээ. Мөн татвар, гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд, өндөр өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого стратегийн хүрээнд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулжээ.
Төсвийн алдагдлыг үе шаттайгаар жил дараалан бууруулснаар 2020 онд төсвийн алдагдлыг тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарт багтаан ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөсөн байна. Цаашид 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай байхаар төлөвлөжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, С.Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа нарын гишүүн ажлын багаас асуулт асууж, тодруулга авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Төсвийн алдагдал багасаж байгаад олзуурхаж байгаагаа илэрхийлээд, 2020, 2021 онд төрийн болон хувийн хэвшлийн 14.3 тэрбум ам.долларын гадаад өр төлөх, мөн саарал жагсаалтад орсонтой холбогдуулан үүсэх эрсдэл байгааг анхааруулав. Тэрээр, хэрвээ Монгол Улс саарал жагсаалтад орсноор, төсвийн орлого буурах, зээлийн хүүгийн зардал нэмэгдэж, дунд, урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байгаа гэсэн Үндэсний аудитын газрын дүгнэлт гарсныг дурдав. Эдгээр эрсдэлийг 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд, 2021, 2022 оны төсвийн төсөөлөлд хэрхэн тооцсоныг тодруулав.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, дотоод гадаад эрсдэлийг ангилан тооцсон гэдгийг тодотгов. Мөн ФАТФ, ОУВС-гаас тавьж байгаачлан банкуудын хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Тэрбээр, "Төсөв, эдийн засгийг тооцохдоо, саарал жагсаалтад орох магадлалтай гэсэн төсөөллөөр боловсруулсан. Банкуудын хөрөнгө нэмэх асуудал үүсэх ч шийдээд явах боломжтой. Саарал жагсаалтын асуудлын сөрөг үр дагаврыг аль болох богино хугацаанд шийдэх эрмэлзэл байна" хэмээв.
Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжиж санал өгөв. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдааны шууд дамжуулалт