Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтаар дөрвөн баримт бичиг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-27 11:32:01

БАКУ. /Аzertac/. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний /ЭҮНХ/ 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Азербайжаны нийслэл Баку хотноо бямба гарагт дууслаа. Түүнд оролцогчид шинэ геополитикийн бодит байдалтай уялдуулан тус байгууллагын гүйцэтгэх үүргийг эрчимжүүлэх, мөн уг хөдөлгөөнийг гишүүн орнууддаа эрч хүчтэй, үр дүнтэй дэмжлэг үзүүлдэг механизм болгохын тулд зохицуулалтын түвшнийг нэмэгдүүлэх зэргийг үүрэг болгосон дөрвөн тунхаг бичиг баталжээ.


Баримт бичгүүдийг боловсруулагчид НҮБ болон тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийг “илүү ардчилсан, үр дүнтэй, бүтээмжтэй, илүү ил тод, төлөөллийн бүтэцтэй” болгохын тулд цаашид бэхжүүлэх, шинэчлэхийг уриалсан байна. ЭҮНХ-ий гишүүд терроризмтой тэмцэхэд хүчээ нэгтгэхийн зэрэгцээ, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах болон олон улсын хууль, эрх зүйн зарчмыг дагаж мөрдөх, ядуурлыг арилгах, цаг уурын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийг уриалжээ. Тэд мөн НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолын дагуу Израил улс Сирийн Голаны өндөрлөгийг буцааж өгөх ёстой гэдгийг цохон тэмдэглэсэн байна.


Энэ удаагийн уулзалтад оролцогчид мөн Палестины асуудлаар тусдаа баримт бичиг баталсан байна. Уг баримт бичигт Палестины газар нутгийг, түүний дотор Зүүн Иерусалимыг эзлэн түрэмгийлэх явдлаа зогсоохыг Израилд уриалаад, нөхцөл байдлыг улам дордуулахгүйн тулд даруй арга хэмжээ авах шаардлагатай байгааг сонирхогч бүх талд хандан цохон тэмдэглэжээ.


Үүнээс гадна, Баку хотноо хэлэлцсэн бүх сэдвийг нэгтгэсэн эцсийн баримт бичиг болон Азербайжан улсын ард түмэнд талархал илэрхийлсэн баримт бичгийг баталсан байна.


Энэ сарын 25-26-нд Баку хотод болсон ЭҮНХ-ий дээд хэмжээний уулзалтад дэлхийн 158 улс болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцжээ. Үүнээс 60 орчим улсыг төр, засгийн тэргүүн нарын түвшинд төлөөлөн оролцсон байна.


ЭҮНХ нь цэрэг-улс төрийн аливаа эвсэлд нэгдэхээс татгалзах, хараат бус, тэгш байдлын зарчимд тулгуурлан ард түмнүүдийг энх тайвнаар зэрэгцэн оршуулах зарчмыг гадаад бодлогынхоо үндсэн чиглэлд баримталдаг улс орнуудыг нэгтгэдэг олон улсын байгууллага юм.   


Тус хөдөлгөөн нь 1961 онд хуучнаар Югослав улсын нийслэл Белград хотод 25 орны санаачилгаар байгуулагдаж байсан бол өдгөө 120 гишүүн улс, 17 ажиглагч орныг эгнээндээ нэгтгэж байна.  


2019-2022 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг Азербайжан улс даргална.



Холбоотой мэдээ