Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Төрийн цол одон медаль хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-29 13:48:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар, нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, үйлсээрээ манлайлсан иргэдэд Төрийн дээд цол, одон, медаль хүртээв.



Үндсэн хуулийн 33.1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор, Харанга хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор, тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг шагнав.


Мөн нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн мастер Д.Баянжаргал, хог тээврийн машины жолооч Д.Шаравдорж, Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр баазын автобусны жолооч Э.Очирхуяг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Ж.Сүхбаатар, УСУГ-ын бохир усны шугамын засварчин У.Эрдэнэтуяа нарт Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.



Түүнчлэн, геологийн салбарын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор, УУХҮ-ийн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын ахлах референт Д.Болд, Минторис ХХК-ийн Төслийн ахлагч Ш.Доржсүрэн, Геологийн төв лабораторийн ахмад ажилтан Ө.Доржханд нарыг шагнав. 



Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, “Мон Мед Комплекс” ХХК-ийн ерөнхий захирал Н.Жамсран, Алтан гадас одонгоор, МУИС-ийн геологи, геофизикийн тэнхимийн багш Н.Байгалмаа, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан Б.Бямбацэрэн, Төв аймгийн Баянчандмань сумын цэцэрлэгийн эрхлэгч Ц.Долгормаа, “Энх титэм” Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Т.Мөнгөнцэцэг нарыг шагнав. Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Ж.Нармандах, Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Ч.Отгонгэрэл, Сонгинорхайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Бат-Өлзийн Хандсүрэн нарт Алтан гадас одон хүртээв. 



Харин Баянзүрх дүүргийн иргэн, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярт бага насны хүүхдийн амь насыг авран хамгаалсанд хүндэтгэн, "Шударга журам" медалиар шагналаа. 



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол, одон, медаль гардуулсны дараа дээрх цол, тэмдгээр шагнуулсан иргэд нь эрхэлсэн ажил, салбартаа 30-40 гаруй жил тасралтгүй, шантралгүй, үлгэрлэн, манлайлан ажиллаж, нийслэлийн иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг хангаж, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Тэрбээр, "Геологийн салбарын түүхт 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат цолд салбарын хамт олон, удирдлага нь тодорхойлсныг мөн ёсоор болголоо. Харанга хамтлагийн тухайд, ард түмний сэтгэлд хоногшсон олон арван дууг бүтээсэн авьяас хөдөлмөрийг нь Монголын ард түмэн бэлхнээ мэддэг билээ. Мөн Баянзүрх дүүргийн иргэн, бэлтгэл хошууч Л.Отгонбаяр нь бага насны хүүхдийн амь насыг аварч, бахархам дуурайх, алдаршуулан тэмдэглэх гавьяа байгуулсан. Монгол Улсын хамгийн үнэт эрдэнэ болсон бяцхан иргэний амийг аварсан танд онцгойлон талархал илэрхийлье" хэмээв.


Цол, одон медалиар шагнуулсан иргэдийн сэтгэгдлээс хуваалцлаа. 



Харанга хамтлагийн гитарчин, МУУГЗ Я.Одсүрэн, "Урлагийг өндрөөр үнэлж байгаа төр засагтаа талархаж байна. Тэнгэрт байгаа аав, ээж маань харж байгаа байх. Хамгийн анх гитар хөгжим тоглохыг зааж өгсөн эгч, мөн гэр бүлийнхэндээ баярлалаа. Мэдээж, агуу хамт олныхоо хүчээр гавьяат цолыг хүртлээ. Гитар хөгжимтэй нөхөрлөснөөс хойш  40-50 жил болж байна. Жаахан хүүхэд байхаас минь намайг гитар хөгжимтэй тайзан дээр гаргаж байсан II сургуулийн багш н.Чүлтэмдорж, Пионерын ордны багш н.Пүрэвжав нар маань тэнгэрээс мөн харж байгаа байх. Тэдэндээ баяр хүргэе" хэмээв. 



Харанга хамтлагийн бөмбөрчин, МУГЖ Н.Пүрэвдаш, "Уран бүтээлийн андууд өдий хүртэл хамтран уран бүтээлээ туурвиж байна. Энэ хүртэл биднийг дэмжиж, сонсож ирсэнд монголын ард түмэндээ талархаж байна. Мөн одоо 87 нас хүрч буй ээждээ баярлалаа. Төрөөс үнэлж өгч байгаа энэ цол нь биднийг илүү сайн уран бүтээл туурвихыг хүсэмжилж, урамшуулж байгаа хэрэг. Тиймээс та бүхнийхээ итгэлийг алдахгүй" гэв. 



Л.Отгонбаяр нь энэ сарын 5-нд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах орон сууцны есөн давхрын тагтнаас зүүгдэн унах гэж байсан гурван настай хүүгийн амийг эр зориг гарган аварсан байна. Тэрбээр, "Гэртээ амарч байхад хажуу айлын хүүхэд уйлах нь сонстож байсан. Манай охин тагтан дээр гарч хараад "хүүхэд унах гэж байна" гэж надад хэлсэн. Ингээд би тагтан дээр гарахад, жаахан хүүхэд тагтнаас хоёр гараараа дүүжлэгдсэн байв.  Хоёр гарынх нь үзүүр бараг мултрах шахсан хүүг тагтных нь хашлагыг давуулан гэрт нь оруулсан. Жаахан удсан бол хүү унах байлаа. Тагтаар нь дамжиж гэрт нь ороход эзгүй байсан юм. Ээж нь удалгүй гаднаас орж ирсэн" гэв. 


-Есөн давхрын тагтан дээрээс хүүг аварч буй таны дүрс бичлэг маш эрсдэлтэй харагдаж байсан?

-Эрсдэлийн тухай огт бодоогүй. Хүүгийн амь нас эрсдэлтэй нөхцөлд байгааг хараад шууд л аваръя л гэсэн бодол байсан. 


-Хүүхэд ямар байдалтай байв? 

-Хүүхэд маш их айсан байсан. Шөрмөслөг, тэсвэртэй хүү байсанд их баярладаг. 


-Тэр явдлаас хойш Та хүүтэй уулзсан уу? 

-Уулзсан, бид нар бараг өдөр бүр таардаг. Саяхан хүүгийн сэвлэг үргээх ёслол болсон. Манай гэр бүлийг урьж, хүүгийн сэвлэгт хүрсэн гэв.

Холбоотой мэдээ