“Brexit”-д зориулсан зооснуудыг хайлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-30 16:01:04

ЛОНДОН. /BBC/. Их Британийг Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гаргах хугацаа дахин гурван сараар хойшлогдсонтой холбоотойгоор “Brexit”-д зориулан гаргасан, “10 дугаар сарын 31” гэсэн огноотой дурсгалын зооснуудыг хайлуулахаар болсон тухай тус улсын Хатан хааны мөнгөний ордон мэдээлжээ.


“Brexit”-д зориулж нийтдээ 10 сая ийм зоос цутгажээ. Харин одоо 50 пенсийн энэхүү зооснуудыг ангилж, буталж жижиглэсний дараа хайлуулах аж. Гэхдээ хатан хааны сан хөмрөгийн төлөөлөгчийн хэлснээр, “Brexit”- д зориулж дахин зоос цутгах бөгөөд Их Британи ЕХ-г орхисны дараа гүйлгээнд гаргана.


Европын зөвлөлийн дарга Дональд Туск “Brexit”-ийн хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 31-нд болгож хойшлуулахыг ЕХ зөвшөөрснийг даваа гарагт мэдэгдсэн билээ.


Мөн энэ өдөр Их Британийн парламентын Нийтийн танхим парламентын ээлжит бус сонгуулийг 12 дугаар сарын 12-нд явуулахыг тусгасан хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээрээ баталсан юм.


Холбоотой мэдээ