Б.Бямбадорж, М.Лхагвагэрэл нар ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-31 12:16:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бямбадорж хүрэл медаль хүртжээ.


Түүний энэ амжилт Будапештын дэвжээнд Монголын баг тамирчдын анхны хүрэл медаль болов. Мөн эрэгтэй баг тамирчдын хоёр дахь хүрэл медалийг 125 кг-д залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, “Аварга” сургуулийн оюутан ОУХМ М.Лхагвагэрэл хүртлээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд нас насны ангиллаас хамгийн хүнд жинд дэлхийн анхны медальтан болж байна.

“Монголын чөлөөт бөхийн хүнд жинг манлайлах М.Лхагвагэрэл Будапештэд тэгшитгэлийн барилдаанд Киргизийн тамирчин Музаффар Жаппуевыг оноогоор цэвэр /12:1/ ялсан, харин 1/8 шигшээд ОХУ-ын Виталий Голоевт 2:3-аар ялагдсан. Тэр дагах барилдаанд /2019.10.30/ БНХАУ-ын өвөрмонгол залуу Эр Сонгбуг 6:1-ээр, Бүх Африкийн наадам болон Африк тивийн хошой аварга Египетийн Халед Мохамед Абдаллаг 12:1-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Даниэль Керквлиетийг хүнд барилдааны эцэст 4:4-өөр ялж, шагналын тавцанд зогслоо” хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.



Холбоотой мэдээ