Амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт 2458 хүүхэд хамрагджээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-01 11:25:49

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2-12 хүртэлх насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй.

Тус хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн 17 сумаас нийт 21808 хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамруулна.

Аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2458 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ. Үүнээс 2027 хүүхдийн шүд эрүүлжсэн ба 431 хүүхэд шүдээ эмчлүүлж байна.

Үзлэгт хамрагдсан хүүхдийг харьяаллаар нь авч үзвэл одоогоор Жаргалант суманд хамгийн олон буюу 1620, Үенч суманд хамгийн бага буюу 10 хүүхэд тус тус хамрагджээ.

Ховд аймаг дахь Содон сондор, Сувдан шигтгээ, Хаш сондор гэсэн хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт хүүхдүүд хуваарийн дагуу эмчлүүлж байна.

Хаш сондор шүдний эмнэлэг нь Жаргалант сумын Буянт, Жаргалан ӨЭМТ-д харьяалалтай болон Алтай, Буянт, Зэрэг, Мянгад, Цэцэг сумын хүүхдүүдэд үйлчилнэ. Харин Сувдан шигтгээ шүдний эмнэлэг нь Бугат, Баатархайрхан ӨЭМТ-д харьяалалтай болон Булган, Дарви, Мөст, Үенч, Ховд, Чандмань сумын хүүхдүүдэд үйлчилж байна.

Мөн Содон сондор эмнэлэгт Рашаант ӨЭМТ-ийн харьяаллын болон Дөргөн, Дуут, Манхан, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сумын хүүхдүүд амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой. 


Холбоотой мэдээ