Абэ, Мүн нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-04 13:26:31

БАНГКОК. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр талын асуудлуудыг хэлэлцээний замаар шийдвэрлэх шаардлагатай хэмээн санал нэгдсэн талаар Хөх ордон мэдээлжээ. 


Абэ, Мүн нар Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд даваа гарагийн өглөө 11 минутын турш уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэхийн чухалыг дахин нотолсон байна.


Япон, БНСУ-ын удирдагчид мөн өнгөрсөн ням гарагт болсон оройн зоогийн үеэр гар барьж, харилцан яриа өрнүүлжээ. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр албан ёсны ганцаарчилсан уулзалт хийсэн юм.


Өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён Японы Эзэн хааныг хаан ширээнд заларсныг тунхаглах ёслолд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайдад БНСУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг дамжуулсан байна.


2018 оны 10 дугаар сард БНСУ-ын Дээд шүүх дэлхийн хоёрдугаар дайны үеэр албадан хөдөлмөр эрхэлж байсан хэмээн үзэж буй хүмүүст нөхөн төлбөр олгохыг Японы компаниас шаардсан шийдвэр гаргасантай холбоотойгоор хоёр орны харилцаа хурцаджээ. Японы засаг захиргаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг юм.


Уг маргаан худалдаа болон аюулгүй байдлын салбар луу хальж, Япон БНСУ-ын технологийн үйлдвэрлэлийн салбарт чухал ач холбогдол бүхий материалуудын экспортоо чангатгасан бол Японтой тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээгээ дуусгавар болгоно гэж БНСУ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ