Хил хамгаалах албыг сурталчлах өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-05 12:10:35

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн хилийн анги, бие бүрэлдэхүүний хамтарсан “Говийн хилчдийн жавхаа-2019” өдөрлөг 11 дүгээр сарын 04-нд Сайншанд суманд боллоо.

Хил хамгаалах үйлс хийгээд хилчдийн амьдрал, түүхэн замнал, тэдний алдар гавьяаг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой өдөрлөгт Дорноговь аймаг дахь Хилийн 0129, 0108, 0168 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Хилчдийн өдөрлөг хүндэтгэлийн жагсаалаар эхэлж, хилчдийн гурван үеийн хүндэтгэлийн уулзалт, зэвсэг техникийн үзэсгэлэн, тоног төхөөрөмжийг олон нийтэд таниулах хэлбэрээр үргэлжилсэн.

Мөн  хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, ёс зүй, ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 340 гаруй сурагчдад эх орон, монгол хүн, хилийн талаар сургалт зохион байгуулж “Байтаг богд” уран сайхны киног толилуулав.

Үүнээс гадна өсвөрийн сурагчдын цэрэгжил-спортын “Дөл” цогцолбор тэмцээний улсын аваргын мөнгө, говийн бүсийн хүрэл медальт тамирчин, сурагчдын үзүүлэх тоглолт, Хилийн 0129, 0108, 0168 дугаар ангийн үзүүлэх тоглолт, урлагийн үзүүлбэр болсон байна. 

Холбоотой мэдээ