Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг өргөтгөжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-06 10:20:04

ВАШИНГТОН. /TASS/. АНУ Венесуэлийн таван өндөр албан тушаалтныг хоригийн жагсаалтад оруулж, Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээний жагсаалтаа өргөтгөжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


“Сангийн яам Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий албан тушаалтнуудыг илрүүлсэн. Венесуэлийн өндөр албан тушаалтнууд тэр дундаа сөрөг хүчнээс бүрдсэн тайван эсэргүүцэгчдэд хүчирхийлэл үйлдэж буй явдал түгээмэл дэлгэрч буйтай холбоотой болон авлигад автсан дэглэмээс ашиг хүртсээр байгаа хүмүүсийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Хориг арга хэмжээний жагсаалтад Венесуэлийн Зэвсэгт хүчний стратегийн үйл ажиллагаа хариуцсан багийн дарга Ремихио Себальос Ичасо, Боливарын үндэсний гвардын хошууч Нестор Нептали Бланко Уртадо, Венесуэлийн Аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Хосе Аделино Орнелас Феррейра, Үндсэн хуулийн ассамблейн депутат Педро Мигель Каррено Эскобар, Боливарын Үндэсний тагнуулын албаны өндөр албан тушаалтан Карлос Альберто Кальдерон Чиринос нар багтсан байна. 


Венесуэлийн дээр дурдсан иргэдийн эсрэг Европын Холбоо, Канад хориг арга хэмжээ авсны дараа эрх баригчид ийм алхмыг авч хэрэгжүүлснийг АНУ-ын Сангийн яам цохон тэмдэглэжээ.


Венесуэл дахь нөхцөл байдал

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласны дараа Венесуэлд нөхцөл байдал хүндэрсэн юм. АНУ, Лимагийн бүлгийн орнууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон Европын Холбооны ихэнх улс түүнийг хүлээн зөвшөөрсөн юм.


Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро дээрх явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гэж мэдэгдсэн бөгөөд АНУ-тай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн. Мадурог дэмжиж буйгаа ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс илэрхийлсэн билээ. 

Холбоотой мэдээ